Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодисыг “тамхи” хэмээн дам сурталчлахаа больцгооё!

Р.Саруул
2014 оны 11 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Монголчууд бид өөрсдөө залуу хойч үеийнхэндээ сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг “Хар тамхи” хэмээн дам сурталчилдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Учир нь залуус маань яг аль нь хар тамхи, аль нь сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодисын ялгааг ч ойлгохгүй явна. 

Залуус маань яг аль нь хар тамхи, аль нь сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодисын ялгааг ойлгохгүй явна.

Ийн хэлэхийн учир нь бид саяхан дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хар тамхи буюу, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис” -ын ялгааг хэр сайн мэдэх вэ гэсэн судалгаа явуулсан юм.

Гэтэл ихэнх сурагчид “Тамхи гэдэг утгаар нь татаж үзэхийг хүсдэг” гэжээ. Иймд нэршлийн ялгааг томчууд бид л ялгаж салгаж өгөхгүй бол хүүхэд, залуус “Тамхи” гэж нэрлээд байхаар нь татаж үзэх сонирхолдоо хөтлөгддөг болох нь анзаарагдаж байна.

Тэр ч байтугай зарим нэг сурагчид “Хар тамхи” гэхээр нь хар өнгөтэй тамхи байдаг юм болов уу гэж боддог байсан” гэж үнэн сэтгэлээсээ хариулж байсан. 

Зарим нэг төрийн бус байгууллага болон цагдаагийнхан хөдөө орон нутагт мансууруулах төрлийн өвс ургамал их хэмжээгээр ургадгийг мэдээлэхдээ тухайн ургамал ургасан газар орны нэрийг ил тод зарлаж, нэг ёсондоо тэр газраас тухайн ургамлыг түүх хүслийг нь төрүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл,тэдний нийгэмд сэрэмжлүүлэг, анхааруулга болгосон мэдээлэл нь эргээд зарим нэг хүүхэд залуусыг энэхүү ургамалыг олж хайх, сонирхон шохоорхох хандлагыг төрүүлдэг юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй юм. Эндээс харахад томчууд бидний ялангуяа хууль хяналт, бусад байгууллагуудын анзаараагүй маш чухал гарц, шийдлийг ч хүүхдүүд ярьж байсан.

Томчууд бид яалт ч үгүй нийгмийг цочроосон энэ аймшиг, гэмт хэргийн нэр томьёон дээрээ одооноос эхлэн ихээхэн анхаарал хандуулах ёстой болж байна. Учир нь бид өдөр шөнөгүй л “Монголын залуус хар тамхинд нэрвэгдэж байна” гэсэн сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай явуулдаг нь үнэн.

Гэтэл бидний энэхүү сэрэмжлүүлэг нэр томьёоноосоо авахуулаад залуусыг улам ихээр энэ төрлийн гэмт хэрэгт уруу татаад байгаа нь дээрх судалгаанаас тодорхой ажиглагдав. Уг нь дээр үед хятадууд мансууруулах төрлийн өвсийг түүж, түүнийгээ нунтаглан боловсруулаад урт гаансанд хийн тамхи болгож татдаг төдийгүй түүнийгээ “хар тамхи” гэдэг байсан юм билээ.

Нэгэн түүх сөхвөл, Манжийн дарлалд байх үед Монголчуудыг дарлах, номхруулах, үндэстнээр нь мөхөөх зорилгоор Монгол нутагт сэтгэцэд нөлөөлөх мансууруулах ургамлыг нууцаар тариалж эхэлсэн гэдэг.

Тухайлбал, Ховд аймагт мансууруулах төрлийн “олс” ургамлыг тариалдаг байсан нь саяхныг хүртэл ургадаг байж. Энэ нь одоогийн залуусын хэрэглэдэг ургамал бөгөөд илүү хортой гэдгийг нь ч тогтоосон юм билээ. Тэр “олс” нь хүний нөхөн үржих, үнэрлэх, амтлах эрхтнүүдэд шууд нөлөөлж, нэг ёсондоо сэтгэцийн эрүүл мэндийг хордуулдаг бодис агуулсан ургамал юм. Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн нэг болох ”Каннибас” ургамлыг хэрэглэсээр гуравдугаар үедээ орвол эрэгтэй хүн эм шинжтэй болдог нь ч судалгаагаар тогтоогдоод байгаа.

Дунд сургуулийн сурагчдын хэлж буйгаар нэршлээс нь болж зарим нэг хүүхдүүд хар тамхийг татаж үзэхийг хүсдэг нь үнэн байна. Тэд анхнаасаа л “Хар тамхи чинь зүгээр л нэг тамхи” хэмээн төөрөлдөж саваагүйтэн сорсоор байгаад нэг л мэдэхэд сэтгэцийн өөрчлөлттэй болж, “олс” олж татахын төлөө юу ч хийхээс буцахгүй болдог байна. Шилжилтийн насан дээрээ яваа хүүхдүүд нэг нэгэндээ уруу татагдахад цаг мөч бүр бэлэн байдаг.

Тэдний хувьд амьдралыг нь авс руу түлхэх сэтгэцэд нөлөөлөх бодис, ургамал нь ердөө л “хар тамхи” гэгдээд байгаа учир сорох, татах, цаашлаад энэ төрлийн бодисод донтох сэтгэл зүйг томчууд бидний буруу нэршил төрүүлээд байгааг хатуухан анхаарах цаг болжээ.

Ер нь сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг хүн ямар үедээ хэрэглэдэг вэ гэхээр зугаа цэнгэл, сонирхлоороо нэг удаа хэрэглэж үздэг ч энэ нь хар тамхи гэж нэрлээд байгаа сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодист автах хамгийн эхний алхам гэдгийг анзаардаггүй. 

Мансууруулах бодисыг нэг удаа хэрэглэхэд гарах үр нөлөө нь архинд шартсанаас 70-90 дахин илүү уршигтай байдаг

Тухайлбал, мансууруулах бодисыг нэг удаа хэрэглэхэд гарах үр нөлөө нь архинд шартсанаас 70-90 дахин илүү уршигтай байдаг аж. Тэгэхээр ийм өвдөлт, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин зайлшгүй хэрэглэдэг байна. Ингэж л өөрийн мэдэлгүй залуус маань сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисны үнэнч хэрэглэгч болдог юм байна.

Монголд 2002 оны байдлаар 180 хэрэглэгч байдаг гэж бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг байна. Нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж тооцдог. 

Ингэхээр 2500 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн үг. Харин эдгээр хүмүүсийн дийлэнх нь 19-35 насны залуус байгаа юм. Тухайлбал өнгөрсөн сард нийслэлийн хэмжээнд сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хэргээр 21 хүнийг баривчлан шалгаж, 20 гаруй килограмм мансууруулах төрлийн бодисыг хураан авч байж. Өөрөөр хэлбэл, манай улсад гарсан дээрх хэргүүдийн 50 орчим хувь нь зэрлэг “олс”-ны ургамал олж авсан, хадгалсан, түүж бэлтгэсэн, бусдад борлуулсан байдаг. Тиймээс сэтгэцэд нөлөөлөх олсны төрлийн ургамлыг бүхэлд нь устгавал энэ төрлийн гэмт хэрэг 50 хувь буурах магадлалтай юм билээ.

Тухайлбал, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасаг, ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хамтран, жил бүрийн намар мансууруулах төрлийн өвс их хэмжээгээр ургадаг Дархан-Уул, Орхон, Сэлэнгийн бүс нутагт өвс устгадаг ч каннабис хэрэглэгч хүүхэд залуусын тоо огтхон цөөрөхгүй байгаа аж. Энэ нь дээрх ургамал хаана ургадгийг нутаг байршилтай нь заагаад өгчихсөн учраас залуус маань өөрсдөө зорьж очин энэхүү хортой өвсийг өөрсдийн гараар түүн бэлтгэж бусдад борлуулах замыг зассан хэрэг юм. 

Тэртэй тэргүй төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байгаа учраас мэргэжлийн байгууллагынхан сэтгэцэд нөлөөлөх мансууруулах ургамалыг хаана ургаж, хаана устгалд оруулдагийг нийтэд суртачилахгүй байвал энэ төрлийн гэмт хэрэг буурах нь дамжиггүй гэж олон залуус бидэнд санал бодлоо ч илэрхийлж байсан.

Гэхдээ хүүхэд залууст хар тамхи, мансууруулах бодисийн эсрэг суртачилгааг хийж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь дээрх хоёр нэр томьеог тусад нь салгаж “Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис” гэж нэршвэл залуусын сонирхол бага ч атугай дарагдана гэж олон хүүхэд залуус бидэнд сануулсан учир энэхүү нийтлэлийг бичив. Хар тамхитай холбоотой мэдээ, мэдээллийг зүүдэнд ормоор олон удаа мэдээлдэг учир бид энэ удаа нэршлийг нь тусад нь ялгаж, салгая гэсэн санааг л дэвшүүлж буй юм.


Мансууруулах бодис гэж юу вэ 

Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон, ургамлын гаралтай бодис юм.Мансууруулах бодис хэрэглэх нь Мансуурах, Донтох, Сэтгэлийн гаж хөөрөлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг огцом алдагдуулдаг. Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг “Наркотик” гэж нэрлэж байгаа ба хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үг аж. 

Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна.

1.Хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш хүнд хагалгаа, хорт хавдрын үед) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг. 

2.Хор уршгийг нь мэдэхгүйгээс Бусдад уруу татагдах, Бусдыг ухамсаргүйгээр дуурайх, Сонирхож саваагүйтэх, Сэтгэлийн хямралаас гарах гэж үзсэнээс болж хууль бусаар хэрэглэдэг байна.

Зураг