Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоороо бахархах сэтгэл суулгая

Н.Пунцагболд
2014 оны 11 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

Монголчууд бид арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улс тунхагласны баяраа тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг байлаа.

Эрх чөлөөгөө олж авч, тусгаар тогтнолоо зарлаж, улсаа тунхаглана гэдэг ямар ч ард түмний хувьд хамгийн сайхан үйл явдал. Энэ үйл явдлыг эргэн санаж, баяр болгон тэмдэглэнэ гэдэг эх орноороо бахархаж, өвөг дээдэсдээ баярлах нэг шалтгаан болдог байлаа.

Тэгвэл хоёр жилийн өмнөөс Улс тунхагласны баяраар амарч, баярлахаа болиод, Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэдэг болоод байгаа. Дэлхийн түүхэнд тодоор үлдсэн нүүдэлчдийн агуу их эзэн Чингис хааны төрсөн өдөр өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тохиож буй.

Баярын өдрөөр эх орноороо бахархах сэтгэлийг хүүхэд, залуусын зүрх, тархинд суулгаж өгөхөөр зүйлсийг түлхүү хийж баймаар байна.  

Манай эрдэмтэд 800 гаруй жилийн өмнөхийг тооцоод эзэн хаанаа өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн хэмээн тогоосон. Тэр дагуу нь тэмдэглэж байгаа хэрэг.

Гэхдээ хааны төрсөн өдөр гэж биш “Монгол бахархлын өдөр” хэмээн тодотгож, баярын хэмжээнд тэмдэглэж, бүх нийтээрээ амарч байгаа билээ. 

Тэгвэл өнөө жил Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 23-нд тохиож байгаа юм. Ирэх ням гарагт гэсэн үг. Тэртэй тэргүй амралтын өдөр, бүх нийтээрээ гэртээ өнжинө. Энэ өдөр уламжлал ёсоор энэ өдөр 256 бөх барилдах юм билээ.

Мөн өчигдөр “Монгол бахархлын өдөр”-т зориулсан шагайн харвааны тэмцээний нээлт боллоо. Түүнээс гадна өнгөрсөн жилийнх шиг туг, сүлд цэнгүүлэх байх.  

Чингис хааны талбай дээр тодорхой үйл ажиллагаанууд ч явагдах болов уу. Өнгөрсөн жилүүдийн жишгээр шүү дээ.  Чингис хааны төрсөн өдөр гэдэг утгаараа их хаантай холбоотой үйл ажиллагаанууд ч болох байх. Гэхдээ бид энэ өдрийг юун төлөө “Монгол бахархалын өдөр” гэж тодотгоод байгаа билээ. Улс тунхаглана гэдэг бол яах аргагүй баярлаж, бахдахаар баяр. 

Түүнийг бид албан ёсоор тэмдэглэж байх ёстой юм, уг нь. Гэхдээ Чингис хааны төрсөн өдөртэй хамтатгаад, агуу их өв соёл, эх нутаг, тусгаар тогтнолоороо бахархаж, тэмдэглэж байгаа болохоор ялгаа юун. Хамгийн гол нь бид энэ баярын өдрөөр эх орноороо бахархах сэтгэлийг хүүхэд, залуусын зүрх, тархинд суулгаж өгөхөөр зүйлсийг түлхүү хийж баймаар байна.  

 “Чингис” ууж биш Монголоо гэсэн сэтгэлээр омогшиж, өвөг дээдсийнхээ түүхийг үнэн зөвөөр мэдэрч авдаг баяр болгомоор байна.

Өнөөдөр Монгол Улсаараа бахархаж, бахаддаг залуусын тоо улам цөөрөөд байх шиг. Хүн бүр төрөө муулж, эх орноороо бахархах сэтгэлээ гээж, гадны улсыг шүтдэг болж байна. Цахим мэдээллийн эрин зуунд залуучууд ийм л сэтгэхүйтэй болж хувирч байгаа юм. Ямар ард түмэн байна, тийм төр, улс байдаг гэдэг.

Тийм болохоор ард түмнийхээ, залуусыг сэтгэлийг, сэтгэгдлийг өөрчлөх талаас нь олон зүйлийг хийх цаг болсон. “Монгол бахархлын өдөр”-ийг өнгөрсөн хоёр жилд тэмдэглэхэд нэг зүйл ажиглагдаж байсан. Залуус Чингис өвөөгийн төрсөн өдрийг тэмдэглэж, “Чингис” ууна гэж л ярьж, энэ баярт хандаж байлаа. Бүгд биш л дээ, мэдээж Монголоороо, Чингис хаанаараа, түүхэнд гавьяа байгуулсан, энэ цагийг авчирсан дээдсээрээ бахархаж байгаа олон залуучууд бий. 

Гэхдээ “Чингис” ууж баярлагсад түүнээс ч олон болох гээд байна. Тийм учраас бид энэ өдрийг арай өөрөөр, Монголоо гэсэн сэтгэлээр омогшиж тэмдэглэдэг, өвөг дээдсийнхээ түүхийг үнэн зөвөөр мэдэрч авдаг баяр болгомоор байна. 

“Монгол бахархлын өдөр” Монгол Улсын иргэн бүрийн толгойд эх орноороо бахархах сэтгэлийг суулгаж өгсөн баяр болох ёстой.

Зураг