Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баатардорж: Агаарын бохирдлыг бууруулахад хийн түлшний нэгдсэн систем чухал ач холбогдолтой

Б.Солонго, Зууны мэдээ
2014 оны 11 сарын 21
polit.mn

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн гурван дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажлыг аж ахуй нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ тухай болон манай улсын шингэрүүлсэн хийн хэрэглээний өнөөгийн байдлын талаар “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Баатардоржтой ярилцлаа.

 

 

-Шингэрүүлсэн хийн түлшийг бид автомашинд өргөн хэрэглэдэг. Одоо айл өрхийн ахуйн хэрэглээг дэмжиж эхэллээ. Ер нь манай улсын хийн түлшний хэрэглээ ямар төвшинд байна вэ?

-Сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн хийн түлшийг манай улсад өргөн хэрэглэж байна. Өнгөрсөн онд 38 мянган тонн хийн түлш импортолсон байдаг. Харин энэ оны гүйцэтгэлээр 50-иад мянган тонныг импортлохоор байна. Шингэрүүлсэн шатдаг хийн ач холбогдлыг ард, иргэд ойлгож эхэлж байна гэсэн үг.

Хийн түлш нь шаталтын дулаан ялгаруулалт өндөр­тэй, байгаль орчинг бохирдуулдаггүй, түлш, эрчим хүчний шинэ бөгөөд хамгийн цэвэр эх үүсвэр болдогоороо олон давуу талтай. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй учраас дэлхийн улс орнууд зөвхөн энэ түлшийг ашиглаж, агаарын бохирдлоо бууруулсан сайн туршлага олон бий. Засгийн газрын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ оны эхээр биднийг дэмжээд гэр хорооллын айл өрхөд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тен­дер зарласан.

 5000 өрхөд плитка нийлүүлээд агаарын бохир­дол буурчихна гэсэн үг биш

Энэ хүрээнд Сонгинохайрхан, Чингэл­тэй, Баянгол дүүргийн нийт 5000 орчим айл өрхөд 200-300 мянган төгрөгийн өртөг бүхий хийн плит­каны иж бүрдлийг 60 мянган төгрөгийн үнэ­тэй­гээр нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Мэдээж 5000 өрхөд плитка нийлүүлээд агаарын бохир­дол буурчихна гэсэн үг биш. Хамгийн гол нь хийн түлшийг ард иргэд таньж мэдэх, зөв аюулгүй хэрэглээнд сургах талаасаа ач холбогдолтой ажил болсон.

-Хий, газ  гэхээр иргэдийн дунд аюултай гэсэн ганцхан ойлголт байдаг. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хичнээн компани байдаг вэ. Аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр хэр хөгжсөн бол?

-Манай улсад энэ чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 12 компани бий. Тэднээс тав нь тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Гурав нь ОХУ-аас хийн түлшээ импортлоод бусаддаа бөөний үнээр нийлүүлдэг гэж ойлгож болно.

Иргэдийн дунд аюултай гэх сөрөг ойлголт байдаг. Яагаад аюултай гэж хандах болсныг судлаад үзэхээр гарч байгаа ослуудын ихэнх нь хийн тоног төхөөрөмжийг буруу хэрэглэснээс болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хий, хийн тоног төхөөрөмжийг хэрэглэхдээ зориулалтыг нь өөрчилдөг, дур мэдэж холболт угсралтыг нь гүйцэтгэдэг.

Хийн баллоноо цэнэглүүлэхдээ өөрсдөө холболтыг хийдэг гэх мэт асуудлаас болж осол, аваарь гарах үндэс болсон байдаг.

Аливаа тоног төхөөрөмж ашиглалтын заавартай байдаг. Тэр зааврыг чанд мөрдөж ашиглах явдал туйлын чухал асуудал юм.  Сүүлийн үед манай компаниуд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр аюулгүй ажиллагааны дагалдах тоног, төхөөрөмжүүдийг нийлүүлээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хий алдвал дор нь мэдэрдэг, алдсан даруйд нь хийг нь хаачихдаг автомат удирдлагын системийг оруулж ирж байгаа.

Хамгийн зөв аюулгүй хэрэглэхийн тулд зааврыг чанд мөрдөж, аюулаас хамгаалах  автомат дагалдах тоног, төхөөрөмжүүдийг заавал  авч суурилуулах  хэрэгтэй.

-Бид гэртээ нэг удаагийн газаар ажилладаг плитка хэрэглэж байна. Тэгвэл энэ борлуулж байгаа 5000 иж бүрдэл плитка нь бидний хэрэглэж байгаагаас юугаараа давуу юм бэ?

-Манай компаниудын нийлүүлж байгаа хийн, тоног төхөөрөмжүүд техникийн шаардлагыг бүрэн хангасан.

Манай компаниудын нийлүүлж байгаа хийн, тоног төхөөрөмжүүд техникийн шаардлагыг бүрэн хангасан.

Олон улсын стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжүүдийг нэмэлтээр суурилуулсан байгаа.

Нэгэнт Засгийн газраас дэмжиж байгаа энэ ажилд бид хамтын хүчээр юу хийж чаддаг вэ гэдгээ харуулахын тулд хичээж ажиллаж байна. Мөн иргэдийн гэрт нь очиж угсарч өгч, аюулгүй ажиллагааны зааврыг нь зааж өгч байгаа.  Мөн нэгдсэн байдлаар сургалт сурталчилгааны ажлыг ч хийж байна.

-Плитканы иж бүрдэл авах сонирхолтой өрх хэр олон байна. Миний бодлоор 5000 гэдэг арай бага тоо шиг санагдсан?

-Эхний ээлжинд тур­шил­тын журмаар хэ­рэгжүүлж байгаа тул агаа­рын бохирдлыг бууруулах чиглэлээр туршаад үзье, хоёрдугаарт ахуйн хэрэглээндээ хэрэглэх боломжийг олгоё гэж ярилцсан. 5000 өрх гэдэг нийслэлийн 185 мянган өрхтэй харьцуулахад бага тоо л доо.

Одоогийн байдлаар угсралтын ажил 30-40 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Үүнээс гадна бусад дүүргийн иргэд энэ хийн плитканы иж бүрдлийг манай дүүрэг, хороонд нийлүүлээч гэсэн хүсэлтийг маш ихээр ирүүлж байна. Бид ямар ч байсан үр дүнгээ эргээд тайлагнана. Ирэх жилээс айл өрхийнхөө тоог нэмэгдүүлэх талаар ярьж байгаа.

Гэхдээ УИХ-аар төсөв батлагдаад Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгахаар боллоо. Тэгэхээр цаашид яах нь одоогоор тодорхойгүй байна. 

-Тухайн айлдаа эдийн засгийн хувьд хэр хэмнэлт гарах вэ?

-Ахуйн хэрэгцээнд өрсөлдөх бүтээгдэхүүн болох цахилгаан, нүүрстэй харьцуулж үздэг. Цахилгаан 800 ккл дулаан ялгаруулдаг. Хийн түлш 11000 ккл дулаан ялгаруулдаг. 11 дахин их гэсэн үг. Цахилгаан плитканаас 11 дахин хурдтайгаар таны хоолыг буцалгана гэсэн үг.  

Хоёрдугаарт нэг айл сард дунджаар 20-30 мянган төгрөгийн цахилгааны дундаж зардал гаргадаг байхад.

10 кг хийн түлшийг дунджаар гурван сар хэрэглэдэг гээд тооцвол 26 мянган төгрөгийг гурван сард зарцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сард нэг өрх 8300 төгрөгийг хийн түлшинд зарцуулдаг байх нь. Ингээд харьцуулвал эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй гэдэг нь харагдаж байна. Ард иргэд нарийн тооцож үзээгүй учраас сайн мэдэхгүй байгаа юм.

-Хийн агуулах нэмж барьж байгаа гэж сонссон. Манай улсын хийн түлшний багтаамж хэр өсөхөөр тооцоолсон бол?

-Гурван багц тендер зарласан байдаг. Тендерт шалгарсан компаниуд  үндсэндээ хоёр үүрэг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл 1625 өрхөд хийн плитканы иж бүрдэл  нийлүүлэх, нөгөө нь агуулахынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой.

Анх энэ салбар 1996 оноос Монгол Улсад үүссэн байдаг. Өнгөрсөн хугацаанд 2850 метр куб багтаамжтай байсан бол тендер зарлагдсанаар 2200 кубаар хийн түлшний багтаамжийг нэмнэ. Нийтдээ 5050 метр куб болно. 18 жил хийсэн ажлыг зөвхөн  нэг жилд хийж байна гэж ойлгож болно.

-Манай улсын шингэ­рүүл­сэн хийн түлшний хэрэг­лээ гадны улсуудтай харь­цуулахад ямар төвшинд байгаа бол?

-Олон улсын түвшинд хийн түлшний хэрэглээг их хэмжээний хийн түлшний хэрэглээтэй орон, дунд зэргийн, бага зэргийн, огт хэрэглэдэггүй гэсэн үзүүлэлтээр авч үздэг. Манай улс жилдээ 30-50 мянган тоннн түлш хэрэглэж байгаа нь мэдээж маш бага үзүүлэлт.

ОХУ-ын нэг мужид хүрэхгүй үзүүлэлт. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа энэ ажил хийн хэрэглээг өсгөхөд чухал ач холбогдолтой болж байна. Цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэгэн адил хэрэглэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Ахуйн хэрэглээнд хийн плиткыг нийлүүлээд эхэллээ. Тэгвэл өвлийн улиралд халаалт, дулааны асуудлыг хийн түлгээр шийдэх боломж байна уу. Агаарын бохирдлыг бууруулахад энэ хамгийн чухал шүү дээ?

-Токио, Сөүл, Бээжин, Москва гэх мэт хотууд агаарын бохирдлыг зөвхөн хийн түлшээр бууруулсан туршлага бий. Хийн түлшийг дулааны эх үүсвэрээр ашиглах нь туйлын чухал асуудал. Энэ асуудлаар нэлээд том хүрээнд ярих шаардлага бий. Өнөөдрийн байдлаар газан бойлуураар зарим нэгэн амины орон сууцыг халаадаг туршлага манайд байна. Одоогоор 200-гаад сууцыг тэгж халаадаг гэсэн судалгаа бий. Гэхдээ зөөврийн байдлаар биш нэгдсэн системээр хангах нь чухал. Аюулгүй ажиллагаа, эдийн засгийн хувьд ч тэр.

Өнгөрсөн жилээс бид дахин төлөвлөлт гэдэг зүйлийг ярьж эхэллээ. Хүссэн хүсээгүй энэ хэрэглээ бидний амьдралд чухал болно. Ингэхийн тулд одооноос төлөвлөлтийг нь хийх хэрэгтэй. Бас нэг зүйл хэлэхэд 2002 онд энэ салбартай холбоотой гурван норм дүрмийг баталсан. Түүнээс хойш нэг ч шинэчлэгдээгүй. Гэтэл Америк, Япон зэрэг улсад барилгажилтаа дагаад дүрэм стандартаа шинэчилж байдаг.

 Манайд 12-13 жилийн өмнө ОХУ-ын норм дүрмийг хуулаад баталчихсан тэр л хэвээрээ байна. Хэрэглээ асар хурдтай өсч байна. Мөн  бие даасан хуультай болж байж хяналтын байгууллага, аж ахуй нэгж байгууллага , иргэн хооронд үүсэж байгаа энэхүү харилцааг зөв  зохицуулна.

-Олон нийтэд таниулах, хууль дүрмээ сайжруулах, хотоо зөв төлөвлөх гээд хийх ажил их байна даа?

-Тэгэлгүй яахав. Их байна. Дээрээс нь манай дүрмээр хоёроос дээш давхар барилгад ашиглаж болохгүй гэсэн заалт байдаг. Уг нь хүн бүр эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах эрхтэй ардчилсан улс шүү дээ. Орон сууцанд ашиглах боломжийг яаж бүрдүүлэх вэ гэхээр нэгдсэн систем л хамгийн оновчтой шийдэл болно. Гэхдээ төлөвлөлтийг нь одоо хийхгүй л бол болохгүй.

Дахиад таван жил өнгөрөхөд насан туршдаа хийн түлшийг ашиглах боломжгүй болно гэсэн үг. Тэр үед нэгэнт босчихсон барилга, тавьчихсан замыг хуулах, нураах ажил гарна даа. Мэдээж энэ ажлыг эхлүүлэхийн тулд хууль эрхзүйн орчинг шинэчлэх шаардлагатай. Энэ ажилд мэргэжлийн байгууллага, компаниудын санал дүгнэлтийг тусгаасай гэж бодож байна. 

Зураг