Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэрэг" сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№33)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 11 сарын 21
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Монгол Улс албан ёсны Засгийн газаргүй 14 хоноод байна. Энэ цаг хугацаа цааш хэчнээн сунахыг тоймлочих боломж ч алга. Яагаад гэвэл Монголын улс төр яг л өнөөх байдаг л жамаараа, тодорхойгүй хийгээд самуунтай хэвээр. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд дандаа уруудах тэмдэг заасан энэ шаналантай үеэр уг нь хэн хүнгүй л шавдалтай.

Харин улстөрчид маань сандал суудлаа зэхээд тун амарлингуй. Энэ бүхний төлөөс нь иргэд бидэн дээр л бууна шүү дээ гэж бодохоор итгэл ээдэрнэ.

Урвахуй, ухрахуйгаар дүүрэн монгол улс төрөөс өөр сонирхолтой зүйл өдий төдийгөөрөө бий. Гэвч улс төрөөс олон юм хамаарч байгаа болохоор юм болгоны түрүүнд тийш эхлээд хардаг сэтгэхүй биднийх болчихжээ. 
 

Ангараг гариг 2030 он гэхэд иргэдтэй болох гэнэ. Тийш очихоор аль хэдийнэ 200.000 хүн бүртгүүлээд байгаагийн дотор монгол залуу байгаа. Тэр бол манай “ГЭРЭГ”-ийн чөлөөт сэтгүүлч Ц.Нандинбаатар. Буцаж ирэхгүй тасалбартай энэ гайхам аяллын талаар тэр өөрөө бичлээ. 

Хөгжлийн банк хэмээх төрд чөдөрлүүлсэн банкны захирлыг солих тухай шивэр авир яриа нэлээд эртнээс гарсан. Шалтгаан нь юу вэ? Энэ банк юу хийдэг, ирээдүйн дүр зураг нь ямархан харагдаж байгаа бол. Төрийн хийгээд Хөгжлийн банк руу төрийнхөн маань сээтэн хаяад эхэлсэн үү. Энэ асуултад хариу хайж байгаа бол “Авторын булан”-даа чухамхүү энэ сэдвийг хөндсөн байгаа. 

“Чингис хаан”-ы одон хүртэхээр нэр нь зарлагдсан академич Х.Намсрайг бид “Онцлох хүн”-ээрээ нэрлэлээ.

Кино, уран зураг, театрын ертөнц сонин ихтэй байна. Тэдгээрийн талаарх хамгийн шинэ, содон мэдээлэл уламжлал ёсоор манай хуудсанд байраа эзэлсэн. 
Таалан болгоогтун.  


Шинэ Засгийн газар юунд гол анхаарлаа хандуулж болохгүй вэ? 

“Авторын булан”, сэтгүүлч Ж.Тэгшжаргал 

...Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болох өндөр магадлалтай яваа нэг өндөр хүн мөрийн хөтөлбөрийнхөө гол цөмийг дараах байдлаар тодорхойлов. “Шинэ байгуулагдах Засгийн газар юунд анхаарах вэ гэхээр 1.Эдийн засаг, 2.Эдийн засаг, 3.Эдийн засаг”. Харамсалтай нь энд шинэ юм нэг ч байсангүй. Шинэчлэлийн гэгдэж хоёр жил гаруй яваад, өдгөө нэгэнт түүх нь хуучирсан өмнөх Засгийн газрын “зарлаагүй дайн”-ы цөм мөн л эдийн засаг байсансан. Шинэчлэх байтугай шинэ ч байж чадаагүй тэдний алдааг давтахгүйн тулд шинээр төрөх Ерөнхий сайд чухам юу хийх ёстой вэ?...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№33) дугаараас уншина уу.

 

Урвахуйн ухаан

“Авторын булан”, сэтгүүлч А.Амармэнд 

...Урвалт бүхэн нийгэмд муу үр дагавартай ч юм биш. Модуны амин хувиа бодсон шийдвэр аз болж үндэстэнд нь ашигтай туссан. Хэрвээ тэр гайхалтай удирдагч байгаагүй бол бага хаадын үеийн нэг нэгнээ барьж хороосон ойворгон хаадын нэг байдлаар л түүхэнд үлдэх, эсвэл ерөөсөө түүхэнд ч үлдэхгүй байх байлаа.  

Бид улс төрийн талаар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй нийгэм рүү шилжин ороод 25 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд манай улс төрд шүүмжлэх юм даанч их байлаа. Гэвч бид өнгөн дээрээ хараан чичлэх ч үнэн зүрхэндээ улс төрд романтик байдлаар хандсаар л өнөөг хүрчээ. Андыг тэндээс бүү эр!...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№33) дугаараас уншина уу.

 

Тод хийгээд ховор хөрөг

"Одохуй” булан, Ерөнхий эрхлэгч С.Батбаатар 

 ... Хийсэж ирдэг хэцүүхэн өвчин туссаныг тэр ч, би ч мэдэж байсан. Гэхдээ уулзахаараа өвчний тухай сэдвийг бид огт хөндөж байсангүй. Нөгөө байдаг л Гангаа хэвээрээ. Гэрэл гэгээтэй сайхан төрх нь янзаараа байсаар хорвоог орхилоо. Хамгийн сүүлд аравдугаар сарын эхээр Сандагаагийн өрөөнд тааралдаж, сэтгүүл зүйн тухай, БАЛДОРЖ шагналын үнэ цэнийн талаар яриа өрнүүлж байгаад л салсан даа.

Тэр сайхнаар дурсагдах зам мөртэй хүн. Ийм мөр, дүрийг хүний сайхан чанараараа, сэтгэл зүрхээ шингээн байж бичсэн бүтээлүүдээрээ арилшгүй зурж үлдээгээд одож. Тэр мөр Монголын сэтгүүл зүйд, бидний сэтгэл зүрхэнд тодоос тод дурайсаар байх болно...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№33) дугаараас уншина уу.

 

Анхаар мөсөн уул!

“Сэдэв” булан, сэтгүүлч Д.Мөнхчимэг 

 ...Хөгжлийн банктай холбоотой шуугиан ойр ойрхон дэгдэх болов. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэх сенсаац намжиж амжаагүй байхад УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хүүхэд шиг загнаад авсан. “Чингис” бондын мөнгөөр Засгийн газрын үнэт цаас авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн байна хэмээн тайлбар ч хэлэх боломж олголгүй “балбасан”.

Хожим нь Н.Мөнхбат захирал “Чингис” бондын хөрөнгийг зүй бусаар зарцуулаагүй, Хөгжлийн банк өөрийн босгосон эх үүсвэрээс 277 тэрбум төгрөг гаргаж, Засгийн газрын үнэт цаасанд байршуулсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тайлбарлаж байв. Түүн рүү чиглэх улстөрчдийн довтолгоон ширүүсэхийн хэрээр Хөгжлийн банк гэх “алтны авдар”-ын ээлжит “эзэн”-ээр тодрох хүсэлтэй хүмүүс эрх мэдэлтнүүдийн үүдэнд дугаарлаж эхэлсэн байж мэднэ...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№33) дугаараас уншина уу.
 

 

Бэлтгэгдээгүй бэлгийн амьдрал

“Сэдэв” булан, сэтгүүлч У.Бямбаням, Г.Ариунзул 

 ... 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Ikon.mn цахим хуудаснаа, “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр 14-21 хоногтой нярай хүүхэд хаясан хэрэг гарч цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан охин байсныг олж тогтоогоод байна”  гэсэн мэдээ нийтлэгджээ.

Зөвхөн аравдугаар сард нярай хүүхдээ хаясан дөрвөн тохиолдол Нийслэлийн Цагдаагийн газарт бүртгэгдсэний  нэг нь энэ.  Уг явдалтай зэрэгцэн Америкийн шоу ертөнцийн од Ким Кардашиан “Paper” сэтгүүлийн нүүрийг том өгзгөөрөө “бахархангуй” чимсэн зураг нийгмийн сүлжээнд тархаж, олны анхаарлыг татлаа. 
Хуулийн заалтаараа, “Хүүхдээ санаатайгаар хаяж, амь нас, эрүүл мэндийг нь хохироосон эх тав хүртэлх жилийн хорих ял сонсоно”. Дээрх явдлыг дуулиан шуугианаараа дарсан “том таазтай” одын шалдан зураг энэ зуур ямар ч хяналтгүй нийгмийн сүлжээ дамжин хэсэж, өсвөр насныханд хүрч байгаа...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№33) дугаараас уншина уу.

 

Хятадын супер сургуулиудын үнэн төрх

“Дэлхийн шилдэг нийтлэл" булан, орчуулагч Б.Баясгалан 

 ... 2013 оны арванхоёрдугаар сарын 3-нд Боловсролын яамны Нарийн бичгийн дарга Арне Дункан Америкийн сурагчдыг дэлхийн 61 орны сурагчид болон Хятадын Шанхай, Хонконг гэх мэт томоохон хотуудын сурагчидтай харьцуулахад түвшин тогтоох шалгалтын дүнгээрээ хүн алмайрмаар доогуур дүн үзүүлсэн байгааг зарласан. Тухайн үед Дункан хүүхдүүдийн сурлагын түвшинг унших чадвар, байгалийн ухаан, математикийн хичээлийн мэдлэгээр нь үнэлдэг Сурагчдын түвшинг тогтоох Олон улсын хөтөлбөр буюу PISA-г даргалдаг байсан бөгөөд тэдний зохион байгуулсан шалгалтаар Шанхайн сурагчид дэлхийн бүх орны сурагчдыг дээрх гурван төрөлд гурвууланд нь тэргүүлсэн ажээ.

Америк сурагчид тэдний сурлагатай өрсөлдөх нь бүү хэл хамгийн сайчуул нь л Хятадын дундаж сурлагатай хүүхдүүдтэй дүйж байгааг Дункан тэргүүтэй бодлого боловсруулагчид их л цочирдож санаа зовсон байртай зарлаж билээ. Дункан бүр хүүхдүүдийн маань мэдлэгийн түвшин даанч маруухан байгаа гашуун баримттай америкчууд бид нүүр тулж сургуулиуд маань ч “боловсролын зогсонгишил”-д орчихсон байгааг мэдвэл зохино хэмээн сануулсан юм...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№33) дугаараас уншина уу.

 

Зураг