Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сагсан бөмбөгийн холбоодын маргаан тамирчдыг хохироосоор байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 14-23-ны өдрүүдэд  Азийн элсний наадамд оролцох гэж байгаа сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвлэлийн хурал зарлаж Монголын үндэсний олимпийн хорооноос тэдний тэмцээнд оролцох эрхийг хаасан талаар мэдээллээ.

Өнгөрөгч аравдугаар сарын 23-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн 6894 тоот захирамж гарч “Монголын сагсан бөмбөгийн холбоо” ТББ-ыг МУ-ыг төлөөлүүлэн олон улсын тэмцээнд баг тамирчид оролцуулахгүй байхыг Монголын үндэсний олимпийн хороонд /МҮОХ/ даалгасан байна.

Энэ захирамжийг үндэслэн Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ Азийн элсний наадамд оролцох гэж байгаа багийн тэмцээнд оролцох эрхийг хаахыг МҮОХ-ноос хүсчээ.

Ингээд энэ сарын 03-ны өдөр МҮОХ-ны шийдвэр гарч тэмцээнд оролцох эрхийг нь хаасан байна.

Харин тамирчдын хувьд тэмцээнд оролцох бүх бэлтгэлээ хангачихаад байхад ийм шийдвэр гарсанд гайхсан байдалтай багаагаа хэлж байгаа юм.

Азийн элсний наадамд оролцох сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тамирчин Ш.Сэдбазар “Бид энэ тэмцээнд орох гэж хоёр жил гаруй бэлтгэл сургуулилтаа тогтмол хангаж байна.
Очоод байрлах байр, унаа хоол, онгоцны тийз гээд бүх юмаа бэлдчихсэн. Тоглолтын хуваарь хүртэл гарчихсан.Өрсөлдөгчдөө хүртэл судалсан байгаа” гэлээ.

Очоод байрлах байр, унаа хоол, онгоцны тийз гээд бүх юмаа бэлдчихсэн. Тоглолтын хуваарь хүртэл гарчихсан

МҮОХ-ны шийдвэрээр энэ тэмцээнд оролцохгүй байлаа гэж бодоход Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай багт торгууль ноогдуулж, олон улсын тэмцээнд оролцох эрхийг 2-20 жилээр хасаж магадгүй юм байна.

Тиймээс Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүссэн хүсэлтийг ССАЖЯ-нд хүргүүлээд байгаа ажээ.

Азийн элсний наадамд оролцох сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тамирчин Д.Дэлгэрням “Тамирчид бидний хувьд олон улсын тэмцээнд оролцох нь маш чухал байдаг. Тэмцээн алгасана гэдэг ухралт болдог. Энэ маягаараа тэмцээн уралдаан алгасаад байвал олон улс дахь бидний нэр хүнд ч унана. 

Тиймээс үнэхээр амаараа ярьдаг шигээ сагсан бөмбөгийн төлөө, тамирчид бидний төлөө гэсэн сэтгэлтэй байдаг юм бол хагаралдаж шөргөөцөлдөхөө болиод биднийг дэмжээд өгөөчээ гэж хоёр холбооноос хүсмээр байна.

Та нарын маргаан дунд тамирчид бидний эрх ашиг зөрчигдөөд байна шүү дээ” хэмээн ярилаа.

 Дашрамд дуулгахад манай сагсчид 2012 онд Азийн элсний наадамд оролцож эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг шагналт дөрөвүгээр байранд орж байсан бол 2013 онд мөн Катарын Доха хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг шагналт байранд орж байсан юм.

Ийнхүү өөрсдийнхөө нэрийг гаргах гэсэн хоёр сагсан бөмбөгийн холбооны эцэс төгсгөлгүй маргаанаас болж тамирчид хохирсоор Монголын сагсан бөмбөгийн хөгжил удааширсаар байна.

 Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ Азийн элсний наадамд оролцох гэж байгаа багийн тэмцээнд оролцох эрхийг хаахыг хүссэн хүсэлт:

ССАЖЯ-нд  Монголын сагсан бөмбөгийн холбооноос хүргүүлсэн хүсэлт: