Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ үг сурах нь тархинд секс, хар тамхи шиг л нөлөө үзүүлдэг

ikon.mn
2014 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нэгэн шинэ судалгаагаар шинэ үг сурах нь секс, мансууруулах бодис гэх мэт зүйлээс таашаал авахад идэвхждэг тархины хэсгийг мөн адил идэвхжүүлж байна гэжээ. Яагаад номын хорхойтон, үгийн тоглоомд дурлагчид тийм их байдгийг гайхах хэрэггүй бололтой. Хэл яриа гэдэг нь биднийг амьтны бусад аймгаас ялгадаг онцгой шинж чанар юм.

Хэл яриа үүссэн нь хүн төрөлхтний хувьсалд ихээхэн чухал алхам болсон, мөн мэдлэгээрээ дамжуулан, бусадтай харилцаж, хөдөлмөрийн үйл ажиллагаанд хамтрахад илүү хялбар, дөхөм болгосон юм. Гэхдээ юу биднийг бага наснаасаа шинэ хэл сурахад сэдэл болдог нь одоо болтол тодорхой болоогүй байна.

Зарим нь "хэл сурах механизм" тархин дах шагналын голомттой холбоотой байдаг, ингэснээр шинэ үг сурах үйлийг бэхжүүлдэг гэж таамагладаг. Гэхдээ одоог хүртэл энэ талын үзлийг нотлох судалгаа дутагдалтай байсаар ирсэн юм.

Current Biology-д хэвлэгдсэн сүүлийн судалгаагаар Испани, Германы эрдэмтэд насанд хүрсэн 36 хүний тархины бичлэгийг MRI төхөөрөмжөөр хийжээ. Судалгаанд оролцогчдыг хоёр өөр төрлийн даалгавар хийж байхад тархины бичлэг хийсэн байна. Тэдэнд өгүүлбэрийн агуулгаас үгийн шинэ утга сурах болон мөрийтэй тоглоом тоглох даалгавар өгчээ.

Үг сурах болон мөрийтэй тоглох аль алиных нь үед шагнал, сэдлийн үед идэвхждэг "ventral striatum" гэх тархины хэсэг идэвхжиж байжээ. Энэ хэсэг нь мөн амттай хоол идэх, секс хийх, мансууруулах бодис хэрэглэх гэх мэт олон төрлийн тааламжтай үйл ажиллагаануудын үед идэвхждэг юм.

Үг сурах үед хэл ярианы голомт болон "ventral striatum" гэх тархины хэсэг хоорондын холбоос улам ихсэж байжээ. Мөн дээрх хоёр голомт хоорондын холбоос сайтай хүмүүс холбоос султай хүмүүсээс илүү их үг сурдаг байна.

Дүгнэн үзэхэд тархины энэ хоёр хэсгийн холбоос нь хүнд хэлний чадвар үүсэх боломж олгосон байж болох юм. "Хувьслын үүднээс үзэхэд, энэ төрлийн механизм хүний хэл яриа үүсэхэд нөлөөлсөн байж болох юм" хэмээн судалгааг тэргүүлэгч Антони Родригез-Форнеллс хэлжээ.

Ц.Цэрэндолгор

Эх сурвалж: www.setgel.org