Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний хяналтад орно"

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч санаачилсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах тухай уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Арга хэмжээг нээж Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ухаалаг төрийн бодлогын хууль, эрх зүйн чиглэлээр хийж буй нэг чухал арга хэмжээ болгож УИХ-аар батлуулсан. Энэ хууль нь улс, орон нутгийн төсөв, улс, орон нутгийн өмч, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой. Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой дүрэм журам гаргах ёстой” гэлээ.
 



Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Ухаалаг төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж УИХ-аар батлуулсан нэн чухал хууль бол Шилэн дансны тухай хууль юм. Анх хуулийн төслийг санаачлагчид нь буцааж байсан ч хэлэлцэж баталсанд нь УИХ-д талархах учиртай.

Ардчиллыг амьд байлгадаг зүйл бол төрийн байгууллагуудын албан тушаалтны хариуцлага, үйл ажиллагааны ил тод тунгалаг байдал байдаг. Хариуцлагатай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хуулийн төсөл боловсруулж байгааг энэ дашрамд хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгч “Улстөрчид, эрх мэдэлтнүүд юу хэлж байгаа нь чухал. Гэхдээ ард иргэдэд түүнээс чухал зүйл бол татварын мөнгө, төсвийн хөрөнгө, зээл тусламж хэрхэн зарцуулагдаж байна вэ гэдэг нь илүү сонирхолтой, илүү чухал” гэж хэлдэг.

Шилэн дансны хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлснээр тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернэт, веб хуудас дээр тавина.

Шилэн дансны тухай хуулийг баталснаар олон эерэг үр дагаврыг нийгэмд авчирна гэдэгтэй олон хүн санал нэг байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг үлэмж дээшилнэ. Татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний хараа хяналтад орно. Мөн олон түмний оролцоог бий болгож, зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан удаан хугацаагаар буруу замаар будаа тээх боломжгүй болно. Ингэснээр эдийн засаг, авлигатай холбоотой гэмт хэргийн гаралт буурна. Иймээс нийгэмд ч, хувь хүнд ч, албан тушаалтанд ч, улс орны эрх ашигт ч нийцсэн амин чухал хууль юм.

Энэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангахад Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ хуулийн хэрэгжилтээс Монгол Улсын цаашдын ирээдүйн хөгжил дэвшилд олон эерэг зүйл гарна гэсэн итгэлтэй байна. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад Сангийн яам гол үүрэгтэй юм. Өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс бол Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл болж, манлайлж оролцож, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой.

Шилэн дансны хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлснээр тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернэт, веб хуудас дээр тавина. Веб хуудасгүй бол олон нийтэд харагдах самбар дээр хадаж байрлуулна.

Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан ажилтан үүнийг нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан. Мөн төсвийн ирээдүйн дарамтыг багасгахтай холбоотой заалт орсон.

Элдэв бонд, баталгаа, ирээдүйд төв, орон нутгийн төсөвт дарамт учруулахуйц шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яаманд бүртгүүлж байж тэр шийдвэр нь хүчин төгөлдөр болох ёстой. Төрийн болон яам, байгууллагын нэрийн өмнөөс баталгаа гаргаж байгаа албан тушаалтны шийдвэр нь төвлөрсөн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.

Шилэн дансны хууль нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх, ингэхдээ олон түмний оролцоог бий болгох зэрэг талаас нь бодож хийсэн хууль юм. Үүнийг ард иргэд маш их хүлээж дэмжиж байгаа.

Сар хүрэхгүй хугацааны өмнө Авлигатай тэмцэх асуудлаар хийсэн олон улсын хурлын үеэр Шилэн дансны хууль амжилттай хэрэгжээд эхэлбэл сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлыг ч зохицуулж болно гэсэн санал гарч байсан.

Шилэн дансны хууль амжилттай хэрэгжвэл цаашид энэ хуулиар зохицуулагдаагүй сонгуулийг санхүүжүүлэх, түүнийг тайлагнахтай холбоотой асуудлыг ч зохицуулж болно гэсэн санал нийгмээс гарч байгаа юм. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд онцгой чухал ач холбогдолтой, хариуцлагатай холбоотой энэ амин чухал хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа байдлын талаарх өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт Шилэн дансны хуулийн талаар оролцогчдод танилцуулж, хуралдаанд оролцогчид асуулт асууж хариулт авлаа.