Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Одончимэд: Хүүхдээс хөөрхөн, тэдний ярианаас илүү өхөөрдөм зүйл байхгүй

Ч.Олдох
2014 оны 10 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг
Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэд

Хүүхдийн нөхөр, буяны эзэн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэдтэй ярилцлаа.

-Таныг анх 1970-аад оноос хүүхдийн яриа цуглуулж, нийтлүүлж эхэлснийг мэднэ. Бас уралдаан зарлаж цуглуулдгийг тань санаж байна. Хүмүүс хэр идэвхитэй оролцдог вэ?

- Анх уралдаан зарлахад хэдхэн эцэг, эх оролцож, түүгээр нь “Чулуу иддэг жаал” ном гаргаж байлаа. Дараа нь хоёр ч удаа зарлахад бүр олон хүн оролцож “Нарны хэлтэрхий” ном гаргасан. Нэг үеэ бодвол хүүхдийн яриаг ойлгодог болж, надаас шинэ яриа нэхэж, бас хүүхдийнхээ яриаг хэлж өгөх гэж гудамжинд ээрдэг болж байгаа юм.

Миний найз нөхөд, дүү нар ч хүүхдийн яриа дандаа өдөөдөг болсон. Өнгөрсөн жил “Info" сэтгүүлтэй хамтран эзэнтэй ярианы нүүр гаргахад эцэг эх, цэцэрлэгийн багш нар тун идэвхитэй оролцсон. Уралдаан зарлахгүйгээр ном гаргасан ч надад цуглуулга арвин бий. Хамгийн гол нь эцэг эхчүүдийн ухаалаг хөөрхөн үр хүүхдээрээ бахархах сэтгэлгээг хөгжүүлье.

Монгол хүүхдүүд ямар өхөөрдөм яриатай, ухаалаг хэрсүү байдаг юм бэ гэдгийг олон нийтэд таниулъя гэж бодоод өргөн түмнийг хамруулахыг зорьж уралдаан зарладаг юм.

-Гадаад орнуудад хүүхдийн яриаг хэр хөгжүүлдэг юм бол?

-Би багаасаа л дүү нарынхаа яриаг анзаарч тогтоогоод ярьж явдаг байсан. Их сонин гоё санагддаг байж билээ. Тэгээд оюутан болсон хойноо, дүү нараа санасан нөхдийнхөө яриаг цуглуулж эхэлсэн.

Оросоос өөр хэлгүй байсан цагт Корней Чуковский гэдэг зохиолчийн бичсэн “Хоёроос таван насныхан” номыг олж уншаад хүүхдийн яриаг яаж ном болгодгийг мэдэж авсан. Чуковский бол том зохиолч, сайн эцэг, сайн өвөө байсныг бас мэдсэн. Агни Бартогийн шүлгүүдээС ч хүүхдийн яриа, сэтгэхүй илт мэдрэгддэг.

Дараа нь оросоос цааш алхаж, барууны ном зохиол хальтлах болсноос соёлт ертөнцөд хүүхдийн юм бүхэн эрхэм, тэдний ой ухааныг дэмжиж хөгжүүлэхээс чухал үйлс үгүй гэдгийг мэдсэн. Түүний тулд хүүхдийн яриаг тэмдэглэж авдаг, цэцэрлэг, сургуульд нь бас түүгээр ой ухааны хөгжлийг тодорхойлдог, том болсон хойно нь өөрт нь үзүүлэхэд их сонин байдгийг мэдсэн.

Суут хүмүүсийн тухай дурдатгалд бага насных нь хэл яриа, үг, үйлдлийг заавал дурдсан байдаг нь хэн нэг нь тэмдэглэн үлдсэнтэй холбоотой. Хүүхдийн яриаг маш анхааралтай сонсоод хариу өгдөг, тэмдэглэж авдаг байх нь сурган хүмүүжүүлэх ажлын нэг чухал хэсэг болдог. Сүүлийн жилүүдэд монгол хүүхдийн ой ухаан маш түргэн хөгжиж, хурдан өсч бойждог болж байна.

-Та тэгээд монгол хүүхэд илүү ухаалаг гэж хэлэх гээд байна уу?

-Гадныхан, ялангуяа Азийнхан ер нь тун анзаарга муутай юм шиг санагддаг. Түүнийгээ дагаад хэвлэн нийтэлж байгаа хүүхдийн яриа нь тийм амттай биш. Гэтэл манай хүүхдүүдийн яриа бол хэн заагаад өгчихвөө гэмээр ухаалаг, хэрсүү, сэргэлэн, подгор, пээдгэр байдаг.

Олон улсын ой тогтоолтын тэмцээнд монгол хүүхдүүд түрүүлж байгааг юу гэж үзэх вэ. Шатар, дааманд ч бас түрүүлж байна. Дуу хөгжимд ч адилхан.

Хүүхдийнхээ авьяас, ой ухааныг багаас нь хөгжүүлье гэвэл хэл яриаг нь ажиглах ёстой.

Хүүхдийнхээ авьяас, ой ухааныг багаас нь хөгжүүлье гэвэл хэл яриаг нь ажиглах ёстой. Ерөөс хэл яриа бол оюун ухааныг тодорхойлдог.

Цуглуулаад ном гаргаад байвал аль аймгийн, хэнийхний хүүхэд адтай сэргэлэн байгааг харж бас болно. Хөдөөгийн хүүхэд хотод ирээд, хотын хүүхэд хөдөө очоод ямар хөөрхөн юм ярьдаг билээ. Тэр бол зөвхөн Монголд л байдаг онцлог юм.

-Та бас хүүхдийн ярианаас санаа авч уран бүтээлээ бичдэг биз дээ?

-Тэдний хэл яриа, сэтгэхүйг мэдэж, судалж байж л хүүхдийн зохиол бичиж болно. Хүүхэд л болсон хойно ингэж хэлэх ёстой гэж тааж бичиж болохгүй.

Гэхдээ яриа чигээр нь хэвлэхэд зохистой биш, дэндүү хэрсүү ялангуяа 7-10 насныхны яриаг би шүлэг болгодог. Тэгэхлээр миний гаргадаг хүүхдийн ярианы ном бол уран зохиол гэхээс илүү эцэг эх, багш нартай хамтарч бүтээсэн судалгаа шинжилгээний, хожмын өдөр эздэд нь сонирхолтой, сургамжтай өвөрмөц бүтээл байгаасай гэж боддог. Гэхдээ би санасандаа хараахан хүрээгүй л явна.

-Тиймээс та уралдаандаа нэлээд нарийн шалгуур тавиад байгаа юм байна л даа.

-Тэгж байна. Эцэг эх, эмээ өвөө, эгч ах, цэцэрлэгийн багш нарыг идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Ярианы эзэн хүүхдийн нэр хаяг тодорхой, гоё зурагтай байгаасай гэж хүснэ. Уралдааны дүнг олон нийтэд ил тод хүргэнэ. Бас ярилцлага хийж яриа өрнүүлнэ.

Ном бол мөнх юм. Хүн бүхэн хүүхдээ шинэ номонд зураг, яриатай нь мөнхөлж үлдээсэй гэж хүсч байна. Энэ уралдааны нэг онцлог бол хүүхдийн яриаг багтаасан богино хэмжээний тэмдэглэл бичиж оролцож болохоор байгаа.

-Уралдааны нийт зардлыг таныг хувиасаа гаргах юм байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Урд нь ч тийм л байсан. Энэ орчлонд хүүхдээс гоё амьтан, тэдний ярианаас илүү өхөөрдөм зүйл үгүй болохоор тэднээс юугаа ч харамладаггүй. Мэдээллийн ивээн тэтгэгч, хамтран ажиллагч нь Инфо сэтгүүл байх юм.

Зураг