Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн үйлчилгээ АВЛИГА-д хамгийн өртөмтгий салбар гэжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Азийн сан болон Сант марал сангаас “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Тус судалгаанд Улаанбаатар хотод байрлалтай 330 компани хамрагдсан бөгөөд зөвхөн гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудаас асуулга авсан байна. Энэхүү цуврал судалгааг анх 2012 оны есдүгээр сараас авч эхэлсэн бөгөөд тав дахь буюу сүүлийн судалгаа нь 2014 оны есдүгээр сард дуусжээ.

Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааг тогтмол явуулснаар төр, хувийн хэвшлийнхний дунд авлигыг бууруулах, яриа хэлэлцүүлгийг өрнүүлж, хувийн хэвшлийнхий оролцоог нэмэгдүүлж, бизнесийн орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулах нь энэ судалгааны гол зорилго ажээ.

Мөн энэ цуврал судалгаа нь авлигын асуудалд гол анхаарлаа хандуулдаг гэдгээрээ онцлогтой юм байна.

Cудалгааны гол үр дүнгээс дурдвал:

-Бизнес эрхлэгчид бизнесийн орчинд сэтгэл хангалуун биш байдгаа илэрхийлсэн аж. Учир нь судалгааны дундаж үзүүлэлтийг авч үзвэл ойролцоогор /эерэг/70:20/сөрөг/ хувийн харьцаатай гарсан байна.

-Өндөр татвар, зээл авах боломж, өрсөлдөөн зэрэг нь бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн гол бэрхшээлүүд гэсэн үр дүн гарчээ.

-Бизнес эрхлэгчдэд бэрхшээл учруулж байгаа байгууллагуудаас Татварын алба, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гааль хамгийн өндөр хувьтай гарчээ.

-Судалгаанд хамрагдсан компаниудын тал хувь нь төрийн албан дахь авлига бизнест шууд нөлөөлж байна гэж хариулжээ.

-Хууль эрх зүйн орчинг сайжруулан бизнесийн үйл ажиллагааг нээлттэй болгох арга хэмжээний талаар сөрөг үнэлгээ өсжээ.

-Судалгаанд хамрагдсан компаниудын тал нь тендер болон гэрээ байгуулах явцад улс төрийн болон гэр бүл, садан төрлийн нөлөө байдаг гэж хариулсан байна.

-Төрийн үйлчилгээ авлигад хамгийн өртөмтгий салбар гэж оролцогчдын 64.5 хувь нь хариулжээ.

-Компаниудын 8 хувь нь л авлигын хэргийн талаар мэдээлэл өгч байсан үзүүлэлтүүд гарсан байна.

Төрийн байгууллага дахь авлига

Хувийн хэвшлийн салбар дахь авлига

Авлигад хамгийн өртөмтгий салбарууд

 


 

Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх “Таван удаагийн судалгааны үр дүнгээс харахад хоёр жилийн хугацаанд ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй.

Хувийн хэвшлийнхэн маань бизнесийн ерөнхий орчин тааруу байна, авлига хэвээрээ байна гэсэн зүйл хэлсэн.

Гэхдээ зарим салбар дээр өмнөх судалгаанаасаа бага зэрэг өссөн сайн үзүүлэлтүүд гарсан”.

 

Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй “Судалгаагаар барилга, уул уурхайн салбарт бизнес эрхлэхэд төрийн байгууллагуудын зүгээс авлига авч байна гэж хамгийн өндөр хувьтай гарсан.

Барилга, уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбоотой маш олон газар, уурхайн лиценз, зөвшөөрөл авдаг.

Үүнтэй холбоотой байх. Гэхдээ хувийн хэвшлийнхэн зүгээр суугаагүй. Энэ авлигын эсрэг нэгдээд тэмцэж байгаа” гэв.