Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мэнджаргал: Монгол Улсын 21 аймгаас 17 нь үлийн цагаан оготнын тархалттай

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед үлийн цагаан оготны тоо толгой нэмэгдсэнээс малчид бэлчээргүйдэж, өвөлжилт хүндрэх нь гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргалтай ярилцлаа. 

-Үлийн цагаан оготны тоо толгой нэмэгдсэнээс орон нутагт өвөлжилт хүндрэх нь гэсэн мэдээлэл гарах боллоо. Үнэхээр  тийм нөхцөл байдал үүссэн юм уу?

-Энэ амьтан мал аж ахуйн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байдаг. Өнөөдөр Монгол Улс 113 сая га бэлчээрийн талбайтайгаас 40 сая га-д нь үлийн цагаан оготно тархсан. Энэ нь, нийт бэлчээрийн гуч орчим хувь гэсэн үг. Нийт бэлчээрийн 3/1 оготно тархсан гэхээр бэлчээрийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлөх хандлагатай.

Завхан, Говь-алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг бол үлийн цагаан оготны гол голомт.

Судлаачдын судалгаагаар үлийн цагаан оготны тоо толгой 10-12 жилийн давтамжтайгаар өсдөг бөгөөд энэ жил давтамжийн үе нь тохиож байна гэж Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн ч хэлж байна лээ. Амьдрал дээр ч харагдаж байна. Монгол Улсын бэлчээрийн гол нутаг болох Дорнод, Хэнтий, Төв, Архангай,  Өвөрхангай, Баянхонгор, Говь-алтай, Завхан гээд тал хээрийн гол аймгуудад сүүлийн хоёр жил үлийн цагаан оготно эрс ихэсчихлээ. 

-Албаны хүний хувьд та хэлэхгүй юу. Хэвлэлээр гараад байгаа шиг үлийн цагаан оготноос болж Завхан, Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрсэн юм уу. Танд энэ талын мэдээлэл ирэв үү?

-Монгол Улсын 21 аймгаас 17 нь үлийн  цагаан оготнын тархалттай. Өвөрхангай, Завхан аймаг үлийн цагаан оготно тархсан голомттой бүсийн нэг ч, яг одоогоор өвөлжилт хүндэрсэн мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ өвөлжилт хүндэрнэ гэж хүлээж суух биш түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг одооноос авах хэрэгтэй. Ялангуяа, оготны тархалт, хөнөөлөөс болж бэлчээрийн ургамлын ургац муудсан бол өөр аймаг, сумдаас өвс, тэжээлээ шаардлагатай хэмжээнд бэлтгэх, отор нүүдлээ эртнээс зохицуулах гэх мэтийн зохион байгуулалтын ажлаа хийх нь зүйтэй. 

-Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнгээ өгөөгүйгээс тоо толгой нь өссөн гэсэн үг үү?

-Үгүй л дээ. Засгийн газраас үлийн цагаан оготнотой тэмцэхэд зориулж жил болгон 1.8 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг.

Орон нутгийн хөгжлийн сан болоод малчид зохих хэмжээний мөнгө гаргаж байж үлийн цагаан оготнын тоо толгойг бууруулна.

Энэ хүрээнд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдын судалгаанд үндэслэн хуваарилсан мөнгийг аймгууд үлийн цагаан оготнын тоо толгой нэмэгдсэн гол сумдадаа өгч, урьдчилсан арга хэмжээ авдаг.

Гэхдээ энэ мөнгө хангалттай юу гэвэл үгүй. Үүн дээр нэмж сумын орон нутгийн хөгжлийн сан болоод малчид зохих хэмжээний мөнгө гаргаж байж үлийн цагаан оготнын тоо толгойг бууруулна шүү дээ. 

-Хангалттай мөнгө биш бол...?

-Завхан, Говь-алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг бол үлийн цагаан оготны гол голомт. Яамны хуваарилсан хөрөнгөөр тухайн жилдээ тэмцэх шаардлагатай гол голомтод газарт нь идэвхтэй тэмцэн тоо толгойг нь бууруулчихдаг боловч, дараа жил нь орхигдуулдаг нийтлэг дутагдал байна. Үүнээс болж үржлийн идэвх сайтай, хурдан үрждэг амьтан чинь худалч хүнд бараг  жилийн дараа л дахин ихсэхээр л болохоо байлаа гээд мөнгө нэхээд суучихдаг. Угтаа, бага дээр нь тууштай тэмцвэл үр дүнтэй шүү дээ. Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болдог гэсэн үг. Энэ нь, орон нутгийн удирдлагууд сурталчилгаа муу хийдэгтэй холбоотой байх. 

-Үлийн цагаан оготнотой яаж тэмцэх ёстой юм бэ. Дээхнэ үеийнх шиг хор цацах ёстой юм уу?

-Соц нийгмийн үед нисэх онгоц ашиглан химийн аргаар тэмцэж байсан нь үнэн. Гэхдээ оготнотой тэмцэхэд ганц үүнээс өөр арга байхгүй мэт ярьж болохгүй, өөр олон арга бий. Жишээ нь: Микробиологийн арга буюу гэдэсний хижиг өвчний нян агуулсан өгөөш тавих, уламжлалт байгаль орчинд халгүй арга болох үүр рүү нь ус цутгах, утах, хөеөг нь авах гэх мэт олон арга бий. Мөн үлийн цагаан оготноор хооллодог олон нэр төрлийн шувуунд зориулан шон босгох, суудал засах, үнэг, хярсны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг биологийн арга ч байна. 

-Гэхдээ шон бариад үр дүн гарсангүй гэсэн шүүмжлэл их гарах болсон. Дэлхий нийт яаж тэмцдэг юм бэ?

-Тэгж л яриад байна. Гэхдээ байгаль орчинд халгүй үр дүнтэй арга нь л энэ. Хөндлөн модтой 1,5 метр өндөр шонд шувуу суугаад орчныхоо ойр тойрныг ажиглан үлийн цагаан оготноор хооллох таатай боломжийг л олгож буй хэрэг. Нөгөөтэйгүүр, үлийн цагаан оготно Монголын үндсэн биологийн амьтны нэг. Яагаад гэвэл, дэлхийн өөр улс орнуудад байхгүй, Манжуур, Өвөрмонголд л жаахан байгаа.

Өвөрмонгол бол хүний хүчээр хор цацаж тэмцэж байна.

Дээр хэлсэнчлэн, дээхнэ үед манай улс ч Орос, Монголын нийлсэн 25 нисэх онгоцоор хор цацаж л байсан юм. Тухайн үед үр дүнтэй байсан. Гэхдээ.... 

-Дэлхий нийт эрүүл, аюулгүй, генийн өөрчлөлтгүй хүнс хэрэглэх талаар их ярьдаг болсон шүү дээ. Үүнтэй холбоотой юу?

-Яг тийм. Хор цацах  нь тухайн үедээ үр дүнтэй юм шиг мөртлөө байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй. Тухайн үед хор цацсанаас үнэг, хярс галзуурах, тэр байтугай хүний эрүүл мэндэд нөлөөллөө гэсэн асуудал гарч байсан юм. Тиймээс ч олон улсын байгууллагууд 
манай Засгийн газарт, салбарын яаманд асуудал тавьснаар дэлхий нийтийн чиг хандлагын дагуу Монгол Улс хор цацах аргаас татгалзсан.

Монгол Улс хор цацах аргаас татгалзсан. 

Одоогоор манай улс микробиологи, нөгөө нь түүгээр хооллодог амьтдыг өсгөн үржүүлэх аргаар тэмцэж байна даа. Ингэж л экологийн тэнцвэртэй байдлыг барих ёстой юм. Хамгийн гол нь, орон нутагт, бэлчээр ашиглаж, түүнээс хувь хишиг хүртэж байгаа малчид маань үлийн цагаан оготныг бага байх үед нь цаг үргэлж тэмцэх ажлаа тасралтгүй явуулбал үр дүнд хүрнэ. Тэрнээс гэнэт олширсон нөхцөлд энэ арга төдийлөн хүссэн үр дүн авчрахгүй. 

-Хүссэн үр дүн авчирдаггүй шон тавьж байхаар малчдыг нь урамшуулах замаар үлийн цагаан оготнотой тэмцвэл яасан юм. Эцсийн эцэст, бэлчээрийг малчид л ашиглаж байгаа биз дээ?

-2006 оноос орон нутгийн ажилгүй хүмүүсийг ажлын байртай болгох зорилгоор сумдууд 10-20 хүнтэй баг гарган тэмцсэн юм. Тэд оготны нүхийг утаагаар утах, ус цутгаснаар тухайн  үедээ тоо толгой нь цөөрөн үр дүнгээ өгсөн ч, бэлчээрийн үр ашгийг хүртдэг малчдад нь хамааралгүй мэт харагдсан.

 Ямар сайндаа “Энүүгээр сумын хэдэн ажилгүй залуус оготнотой тэмцэнэ гээд долоо хоног пижигнэлдэж  байгаад явсан. Тэглээ гээд алга болсон юм алга, энүүгээр явж л байна лээ” гээд өөрт нь хамааралгүй ажил хийлгэсэн юм  шиг ярьдаг. Уг нь, малчдын төлөө л хийж буй ажил. Иймээс Ургамал хамгааллын хүрээлэнгийн судлаач мэргэжилтнүүдтэй ярилцаад 2012 оноос малчдаар нь хийлгэе гэж яриад бэлчээрийн талбай хувааж өгсөн юм.

30 хоногийн дотор та үлийн цагаан оготнотой хорноос бусад аргаар тэмц. Хэрвээ таны хариуцсан талбайн үлийн цагаан оготны тоо толгой 80 хувиар буурвал нэг га-г нь 1600 төгрөгөөр бодон урамшуулал өгье гэж. Энэ хүрээнд ч эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, аймаг, орон нутгийн ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгуулсан. Ингээд ажиллахад нэг хэсэг малчин нь үр дүнтэй байна гэсэн бол нөгөө нь энэ их бэлчээрт тархсан оготныг яаж дийлэх юм бэ гээд онгоцоор хор цацаж өг гэхчлэн олон санал хүсэлт гаргадаг. Гэхдээ олон жил ажилласан мэргэжилтний хувьд дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу химийн хороос татгалзах нь зүйтэй. 

Хор хэрэглэсэн тохиолдолд нэг талдаа үлийн цагаан оготны тоо толгойг эрс бууруулах юм шиг боловч нөгөө талаараа бэлчээр хордох,  цаашлаад хүн, мал, амьтан хордох эрсдэл ихтэй. Тэгвэл махны экспорт яригдаж эхэлсэн өнөө үед экспортлогч орон хордсон малын мах авахгүй л гэнэ шүү дээ. 

-Тэгэхээр бэлчээрийг ашиглаж байгаа малчид л анхаарах ёстой юм байна. Тийм үү?

-Яг тийм. Малчид л бэлчээрээ хамгаалж сурах хэрэгтэй. Хамгаалах ямар арга туршлага  боломж байгааг бид мэдээлж, орчныг нь бүрдүүлж өгөх ёстой. Цаашдаа Бэлчээрийн тухай хууль гарч ямар нэгэн байдлаар эзэмших, ашиглах болбол улсаас мөнгө төсөвлөхөө болихыг үгүйсгэхгүй. Тэгвэл малчид бидний зааж өгсөн аргаар бэлчээрээ хамгаалаад явах ёстой юм. Ийм л учраас өөрсдөө идэвх санаачилгатай ажиллах ёстой гэж яриад байгаа нь энэ.

Нэг үгээр хэлбэл, малчид бэлчээрээс үр ашиг хүртэж байгаа бол эргээд хөрөнгө гарган зарцуулж сурах хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодвол малчид миний амьдралын баталгаа гэдэг үүднээс бэлчээрт болон малынхаа эрүүл мэндэд их анхаардаг болж. Тиймээс бэлчээр сайн байвал мал өснө, тэр хэрээр миний амьжиргаа дээшилнэ гэдэг сэтгэлгээ суусан байна.

Тэрнээс улсаас төсөвлөсөн мөнгө үлийн цагаан оготнотой тэмцэхэд хаана ч хүрэхгүй. Иймд гол нь, загас барьж өгөх биш, барих аргыг нь зааж өгөх ёстой гэдэг утгаар ажиллах нь зүйтэй болов уу. Эцсийн эцэст, бэлчээрээ зөв зохистой, хуваарьтай ашиглах нь чухал. 

-Ер нь, жил болгон шахуу үр дүнгүй зарцуулж байна гэсэн хэл ам гардаг. Сумдад хуваарилсан 1,8 тэрбум төгрөгт хэн хяналт тавих ёстой юм?

-1,8 тэрбум төгрөгийн хяналт хаа очиж сайн. Яагаад гэвэл, улсын төсөв батлагдаж, сайдын тушаал гарснаар шаардлагатай хөрөнгө мөнгийг төсөвлөдөг. Ингээд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн үлийн цагаан оготнын тархалтын судалгааны болон аймаг орон нутгийнхны яаманд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар холбогдох аймгуудад бэлчээр хамгаалах зорилгоор мөнгө хуваарилдаг. Ингээд аймгаас суманд, сумаас малчдад гэсэн зарчмаар явдаг. Тэрнээс тендер зарлан хийлгэвэл ялсан компани улсын ажлыг субботник шиг хийхгүй шүү дээ. Тэд ашиг харах нь тодорхой.

Нөгөө талаар, төсөвлөсөн мөнгө малчдын халаасанд бус компанийн данс руу орно. Олон талаас нь бодолцож хийж буй ажлыг ойлгодоггүй юм уу Засаг дарга нь идэж, уугаад байна гэж хий үндэслэлгүй харддаг. Гэтэл тэр хүнд сумын иргэд нь хяналт тавих бүрэн эрхтэй.

Бүхнийг төрд даатгах бус бэлчээрийн үр шимийг хүртэн амьжиргаагаа дээшлүүлж байгаа малчдын хувьд зөв зохистой ашиглахын сацуу хамтдаа тэмцдэг баймаар байна.

Харин энэ ажил үр дүнтэй болсон уу гэдгийг би биш Мэргэжлийн хяналтын байгууллага хөндлөнгөөс шалгаж дүгнэлт гаргадаг. Монгол Улсад шалгаж дүгнэх эрхтэй газар нь мэргэжлийн хяналтын алба шүү дээ. 

-Мөнгө төсөвлөж байхаар бүрмөсөн устгавал төсөвт хэмнэлттэй баймаар гэж гэж ярьдаг л даа. Гэтэл хүн –байгаль- амьтад харилцан шүтлэлцтэй гэх хуулиа зөрчих мэт?

-Байгаль эх өөрөө их сонин зохицолдлогоотой шүү дээ. Энэ ертөнцөд хүний нүдэнд үл харагдах жижиг амьтдаас эхлээд  огт  хэрэггүй, ашиггүй амьтан гэж байдаггүй. Мэдээж, үлийн цагаан оготнын тоо толгой нэмэгдэхээр мал аж ахуйн салбарт сөрөг нөлөөтэй. 100 хувь устгачихаар тэрүүгээр хооллодог үнэг, хярс, шувууны тоо толгой цөөрчих аюултай. Нөгөөтэйгүүр, үлийн цагаан оготно газрын гүнд нүх, хонгил ухан хөрс сийрэгжүүлдэг амьтан.

Тэр хэрээрээ хөрс сийрэгжин хөрсөн доорх биологийн амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлж байна гэсэн үг. Үлийн цагаан оготныг устгана гэхээр биологчид та нар яахаараа устгана гэдэг юм гэж шүүмжилдэг. Тиймээс ч орон нутаг хариуцсан мэргэжилтнүүд устгах биш тэмцэнэ гэж ярьдаг болж, байгалийн зохицолдлогоог зохистой хэмжээнд баръя гэсэн бодлого салбарын яамнаас баримталж байна.

Нэг оготноос 9-16 гөлчгий төрж, хурдан өсч торнин үрждэг амьтан учраас бэлчээрээ л зөв ашиглавал тоо толгой нь хурдацтай өсөхгүй, зохистой хэмжээнд байна. Бүхнийг төрд даатгах бус бэлчээрийн үр шимийг хүртэн амьжиргаагаа дээшлүүлж байгаа малчдын хувьд зөв зохистой ашиглахын сацуу хамтдаа тэмцдэг баймаар байна.