Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Боко Харам” бүлэглэл Муби хотыг эзлэн авчээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нигерт үйл ажиллагаагаа явуулдаг “Боко Харам” хэт даврагч бүлэглэлийн дайчид тус улсын Муби хотыг эзлэн авчээ. Энэ тухай Нигерийн аюулгүй байдлын албаны эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хэт даврагчид хотыг эзлэн авах үеэрээ хэдэн арван хүнийг хөнөөжээ. Түүнчлэн олон мянган энгийн иргэд орон гэрээ орхихоос аргагүй болж, өөр бүс нутаг руу дүрвэсэн байна.“Боко Харам” бүлэглэлийн дайчид Муби хотыг эзэлмэгцээ хотын захиргааны барилга дээр өөрсдийн хар тугийг зоосон тухай эх сурвалжууд мэдээллээ.

Дашрамд дуулгахад энэ долоо хоногт хэт даврагчид Нигерийн Борно мужийн төв Майдугури хотоос 180 километрийн зайд орших Чад нуурын ойролцоох Кукава хот руу мөн дайрсан юм.

Энэ дайралтын үеэр дайчид олон хүний амийг бүрэлгэж, энэ хотын зах, цагдаагийн газрын байр, захиргааны хэд хэдэн байр болон амины орон сууцнуудыг шатааж, хувийн автомашинуудыг эвдэж сүйтгэжээ.

Нигерийн хэвлэлийн мэдээлж байгаагаар энгийн иргэд хэт даврагчдын хяналтанд орсон бүс нутгуудыг нэн яаравчлан орхиж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ “Боко харам” бүлэглэлийн дайчидтай тэмцэхийн тулд 2013 оны тавдугаар сард засгаас тогтоосон онц байдлын дэглэм Адамава, Борно, Йобе мужуудад үйлчилсээр байгаа юм.

“Боко харам” бүлэглэл хэдэн жилийн туршид Нигерийн засаг захиргааны эсрэг дайн өдөөж, арми, цагдаатай холбоотой объектуудыг байгаа болгон, шашны нэгдлүүд, энгийн иргэдийн омог аймаг руу халдлага үйлдсээр байгаа юм.

Энд дуулгахад сүүлийн таван жилийн хугацаанд Нигерт “Боко харам” бүлэглэлийн гарт 10 мянга гаруй хүн амиа алдсан байна. Түүнчлэн дайны ажиллагааны улмаас 700 мянга гаруй орон гэрээ орхин дүрвэжээ.