Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төсөвтэй холбоотой хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

open.parliament.mn
2014 оны 10 сарын 31
open.parliament.mn
Зураг зураг

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Эдгээр 7 хууль тогтоомжийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулсан юм.

Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бодлогын хүрээнд орон нутагт тусгай зориулалтын шилжүүлгээр төлөөлүүлэн хэрэгжүүлж байгаа чиг үүргээс сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, соёлын үйлчилгээ, нийтийн биеийн тамир гэсэн чиг үүргийг орон нутгийн бие даан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгт шилжүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн орон нутгийн хөгжлийн сангийн он дамжсан эх үүсвэрийг төсөвт тусгах, эсвэл орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулахад тухайн орон нутаг төсөвтөө тодотгол хийж тухай бүр зохицуулж байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор тодотгол хийх нөхцөлийг хуульд нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.

 Харин Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтоож байхаар тусгасан бол мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зориулалтаар мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хөрөнгө хуваарилах эрх зүйн орчин бүрдүүлэх үүднээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд олгодог татаасыг нийслэлийн төсвөөр дамжуулан олгодог болох, хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй 0-18 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүрт 2015 онд сар бүр 20 мянган төгрөгийн хүүхдийн мөнгө олгохоор холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулсан байна.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт бүсийн зөвлөлийг "байгууллага” гэж заасан.

Мөн хуулийн 7.2 дахь хэсэгт бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвлөлийн дарга буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын томилсон аймгийн Засаг дарга, тухайн бүсэд багтаж буй аймгийн Засаг дарга нар, бүсийн тулгуур төв хотын захирагч, нийслэл, дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл байхаар зохицуулжээ. Харин зөвлөл нь ажлын албатай байхаар хуульд тусгайлан заагаагүй аж.

Тиймээс "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчийн орон тоог бууруулах, зардал хэмнэхийг даалгасны дагуу бүсийн зөвлөлүүдийг орон тооны бус зөвлөл болгохоор Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Мөн орон нутагт зорилтот хөрөнгө оруулалтыг шилжүүлэх замаар тухайн шатны аймаг, нийслэлийн ИТХ орон нутагтаа нэн тэргүүнд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тухайн жилийн зорилтот хөрөнгө оруулалтын хэмжээнд зохицуулан сонгон хэрэгжүүлэх боломжийг нээж өгөх зохицуулалтыг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ.

Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин бусад дөрвөн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсвийн байнгын хорооны дарга болон салбарын сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан саналаа хэлэв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооноос дэмжлэг аваагүй Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

  • Мөн Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
     
  • Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
     
  • Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд
     
  • Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл олонхын дэмжлэг авлаа.

 Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 50 минутад өндөрлөлөө.