Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

11 кг мансууруулах үйлчилгээтэй ургамал хураажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас 2014 оны аравдугаар сарын 13-27-ны хооронд хар тамхи хэрэглэсэн 11 хүнд холбогдох дөрвөн гэмт хэргийг илрүүлэн, шалгаж байна. 

  1. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Playback интернет тоглоомын газарт Ч, М, Б, А, Г, Б нарын зургаан иргэн 350 гр мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалан хэрэглэж байсныг энэ сарын 13-нд илрүүлжээ.
     
  2. Баянгол дүүргийн  15 дугаар хороонд оршин суудаг иргэн А нь 23 гр канабисийг иргэн С-ээс хууль бусаар олж аван хадгалж байжээ. Харин иргэн С нь М, А нартай бүлэглэн мансууруулах төрлийн канабис ургамлыг хууль бусаар бусдад зарж байсныг илрүүлэн шалгаж байна. Эдгээр иргэдээс 1629 гр канабис хураан авсан байна. 
     
  3. Энэ сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Л, М нар мансууруулах төрлийн мөс буюу “ICE”-ийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, хадгалсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. 
     
  4. Энэ сарын 27-нд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг Ч гэгч нь найман кг канабисыг хууль бусаар олж авч, хадгалж байсныг илрүүлсэн байна. Иргэн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 2-т зааснаас сэжигтнээр тооцон баривчлаад байгаа аж. 

Цагдаагийн байгууллага сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг канабис, 34 гр “ICE” буюу мөс хураан авчээ. 

Он гарсаар хуулийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байна.