Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хатиг арьсны бохирдлоос үүдэлтэй

Зууны мэдээ
2014 оны 10 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Хатиг арьсны бохирдлоос үүдэлтэй

-Хатиг юунаас болж гардаг юм бэ. Мөн яагаад заавал нэг газраа олон удаа гардаг юм бол. Идэж, ууж байгаа хоол хүнстэй холбоотой юу?

Хан-Уул дүүрэг Д.Мөнгөнтуул

-Хатиг нь арьсны бүрэн бүтэн байдал алдагдан халдвар орсноос үүсдэг. Өөрөөр хэлбэл, хатиг гэж нэг үсний уг болон тосны булчирхайн булцуу, түүнийг хүрээлж байгаа эслэг эдийн үхжилт, хурц үрэвслийг хэлдэг. Үс, тосны булчирхайн булцуунд халдвар орсноор хурц идээт үрэвсэл үүсч, хүндрэх нь бий.

Тиймээс арьсаа цэвэр байлгаж, арьсыг гэмтээхгүй байж, арьсны онцлогт таарсан саван хэрэглэж, нүүртолгой хүзүүнд гарсан идээт үрэвслийг гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдох хэрэггүй. Мөн халуун ногоотой хоол, перцээр амталсан хоол идэхгүй байх нь чухал.

Сүүлийн үед сахарын өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Сахарын өвчтэй хүн хатиг, батгыг гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдож, шахахыг хатуу хориглодог.

Хатиг, батгаар өвчилсөн хүн нэн түрүүнд мэргэжлийн эмчид хандах ёстой. Антибиотиктой хориг тавих, физик эмчилгээ хийх, гепаринтай мазь түрхэх байсан ч заавал мэргэжлийн эмч, сувилагчид хандах хэрэгтэй. Учир нь хатигийг оролдож шахсанаар ойролцоох эд рүү тархаж, судасны үрэвсэл, судас бөглөрөх зэрэг хүндрэл үүснэ.

Улсын I төв эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын клиникийн сувилагч Л.Буяндэлгэр


Киста сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг

-Бүсгүйчүүд маань “Би кистатай” гээд тоохгүй яваад байдаг. Энэ өвчин хэр хор уршигтай вэ?

Чингэлтэй дүүрэг Ц.Бадмаараг

- Мэдээж удаан хугацаагаар эмчлүүлэлгүй даамжруулбал киста аюултай. Бүр мушгираад хагалгаанд орохоос өөр аргагүй болдог. Хамгийн хор уршигтай нь түүнийг өндгөвчтэй нь хамт авах шаардлагатай болдог юм. Кистагийн хамгийн наад захын өөрчлөлт нь сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг. Сарын тэмдэг өөрчлөгдөнө гэдэг маань аажимдаа гормоны алдагдалд оруулна гэсэн үг.

Магадгүй үргүй болгох ч аюултай байж мэднэ. Тиймээс үүнийг тоохгүй явж болохгүй. Кистаг гаднаас нь хараад мэдэх арга байхгүй. Гэхдээ хоёр цавиар хатгуулах шинж тэмдэг илрэх юм бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь кистаны анхны шинж тэмдэг. Ер нь бүсгүйчүүд зургаан сард нэг удаа эмчид үзүүлэх хэрэгтэй.

“Мэри стопс” эмнэлгийн их эмч Ц.Мөнхнасан


Кофе уух нь жирэмслэх магадлалыг бууруулдаг

-Би ажил дээрээ ч, гэртээ ч кофе их уудаг. Одоо бүр кофе уухгүй үед толгой өвдеөд байдаг болсон. Өтгөн, халуун кофе уухаар бие тайвшраад, сэтгэл сэргээд ирдэг. Энэ нь хожим эмэгтэйчүүдэд ямар нэгэн муу нөлөөтэй юу?

БЗД-ийн иргэн Д.Цолмонбаяр

-Кофег аль болох бага уух хэрэгтэй. Учир нь, Невадын их сургуулийн Шон Уорд “Жирэмслэхийг хүссэн эмэгтэйчүүд кофе эсвэл кофейн агуулсан зүйлүүдийг уухгүй байхыг зөвлөсөн байдаг.

Учир нь, 9000 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт дөрвөөс дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүд жирэмслэх магадлал дөрөвний нэг хувиар багасдаг болохыг нотолсон байдаг. Кофейн нь үрийн хоолойн булчингуудын идэвхжилтийг бууруулдаг. Ингэснээр өндгөн эс үрийн хоолойгоор явдаг хөдөлгөөн удааширдаг гэж үзсэн. Тиймээс кофег аль болох уухгүй байх хэрэгтэй.

Клиникийн нэгдүгээр амаржих газрын их эмч Б.Оюунчулуун

Зураг