Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бадарсан: Таны асуултад хариулж байна

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

"Монголын мэдээ" сонины аравдугаар сарын 21-ний мягмар гарагийн дугаарт "Хариулахгүй байж болохгүй" буланд Сүхбаатарчууд үгээ дайсан билээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Л.Бадарсанд хэлэх үгээ сонины хуудсаар уламжилсан юм. Тэгвэл Д.Бадарсан дарга иргэдийн саналт, хүсэлтэд хариултаа илгээжээ.

1. Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Ж.Жавзансүрэн: Ахмадуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх танхим байгуулж өгөөч

Хариулт: Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 10 хороонд “Иргэний танхим” ажиллаж байна. Хороодын “Иргэний танхим” нь төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд танилцуулах, иргэдийн санал бодлыг сонсох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байдаг. Удахгүй бусад хороодод “Иргэний танхим” байгуулахаар хөрөнгийг шийдвэрлэсэн болно.

Хороодын “Иргэний танхим” нь ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн боломжтой орчин болно гэж үзэж байна. Долдугаар хорооны хувьд одоогоор өөрийн байргүй байгаа боловч ирэх онд хорооны шинэ цогцолбор барихаар газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлээд байна.

2. Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэн Ш.Сайнжаргал: Автобусны чиглэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Хариулт: Өнгөрсөн 9-р сард Нийтийн тээврийн менежментийг сайжруулах зорилгоор автобусны компаниудыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамж гарсан.
Энэ шийдвэрийн дагуу менежментийн шинэчлэл хийгдсэнээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ, парк ашиглалт сайжирч, үйлчлэх чиглэлийн тoo нэмэгдэх болно гэж үзэж байна.

3. Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн А.Саруул: Дүүргийн хэмжээнд камержуулж чадсан уу

Хариулт: Нийслэлийн тохижилт үйлчилгээний нийтлэг журамд зааснаар аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрны цэвэрлэгээ үйлчилгээгээ хариуцах үүрэгтэй бөгөөд энэ журмыг биелүүлж ажиллаагүй байгууллага, аж ахуйн нэгжид зохих хариуцлага тооцох тухай заалт журамд байдаг.

Дүүргийн ЗДГГ-аас энэ журмын хэрэгжилтэд байнга хяналт тавин ажиллаж байна. 2014 онд Дүүргийн 1-10 хорооны 125 байршилд 250 ширхэг камерыг суурилуулсан. Цаашид дүүргийн хороодод гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

4. Сүхбаатар дүүргийн иргэн А.Болдсайхан: Сэлбэ голын ойр орчмыг бүхэлд нь засаж тохижуулж болоогүй юм

Хариулт: Сэлбэ голыг тохижуулах ажлыг Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ зун тохижилтын эхний хэсэг болох Их тойруугийн гүүрнээс “Голден вилл” хотхоны гүүр хүртэлх хэсэг ашиглалтад орсон. Энэхүү төсөл хөтөлбөр нь их хэмжээний хөрөнгө шаардагдах томоохон бүтээн байгуулалт тул тохижилтын ажлыг цаашид үргэлжлүүлэхэд хөрөнгө төсөв шаардлагатай байгаа юм.

Сүхбаатар дүүргийн зүгээс Сэлбэ голын дунд хэсгийг хамгаалахаар жил бүрийн хавар, намар голын ай сав газарт мод тарих ажлыг зохион байгуулан цэцэрлэгт хүрээлэн болгохоор ажиллаж байна.

5. Сүхбаатар дүүргийн иргэн З.Батбилэг: Иргэдийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллах вэ

Хариулт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны    хөтөлбөрт “Аюулгүй амгалан дүүрэг” гэсэн 20 заалт бүхий бүлэг бий. Энэхүү заалтуудыг бүрэн хэрэгжүүлсэнээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл улам сайжирна гэдэгт итгэлтэй байна.

Одоогоор хөтөлбөрийн зорилтын хүрээнд хороодын гэрэлтүүлэг, камержуулах ажлыг төлөвлөсний дагуу шат дараатай хийсээр байна. Мөн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар “Хэв журмын урамшуулалт эргүүлийн ажиллах журам”-ыг батлуулан хороо бүрт урамшуулалт эргүүл ажиллуулж байна.

Ингээд бидний хийж хэрэгжүүлж буй ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ажил сайжруулах саналаа харамгүй илгээдэг идэвхтэй иргэддээ талархаж байна. Өнгөрсөн онд бид "Түрэг хүлээсэн гарааны жилдээ” хэмээх товхимол гаргаж, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчинг сайжруулахад чиглэгдсэн 150 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлснээ нийт иргэддээ танилцуулж байсан.

Энэ онд ч мөн хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлынхаа талаар танилцуулга бэлтгэн та бүхэнд хүргэх юм. Үүнээс та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, санал хүсэлтээ ирүүлээрэй.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсан

Зураг