Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбооны гишүүн орнуудыг ОХУ-д тавьсан хоригийг цуцлахыг уриаллаа

Н.Тунгалаг
2014 оны 10 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Болгар улсын “Атака” намын тэргүүн В.Сидоров парламентын чуулганы хурлын үеэр Европын Хол­бооны гишүүн орнуудын удирдлагуудыг Оросын эсрэг тавьсан “утгагүй тэнэг” хоригийг цуцлахыг уриалсан байна.

Тэрбээр парламентын хуралдаанд оролцсон Ев­ропын орнуудын Элчин сайд нарт өөрийнх нь үгийг улс орныхоо тэр­гүүнд дамжуулж өгөхийг хүссэн гэнэ. Түүний үзэж байгаагаар хориг арга хэмжээ нь Европын Хол­бооны улс орнуудын эдийн засагт хохирол учруулж байгаа учраас яаралтай цуцлах хэрэгтэй аж.

В.Сидоров хэлэхдээ Болгар улс түүхэндээ Оростой зарласан дайнд хоёр удаа оролцсон бөгөөд дайн дуусах бүрт “үндэсний сүйрэл”-тэйгээр үлдсэн гээд “Улс орныг минь чөлөөлөгч Оростой бид ямар ч дайн зарлахыг хүсэхгүй байна. Гурав дахь удаагаа хэрхэвч болохгүй” хэмээжээ.

Түүнээс гадна Болгарын улстөрч “Европын Холбоо­ны орнуудын төрийн тэр­гүүнүүд өөрийн улс орны ашиг сонирхлыг хам­гаал­сан улстөрийн бодлого явуулж эхлэх ёстой. Ва­шингтонтой харилцахдаа аяыг нь дагасан “хараат” байдлаа зогсоох хэрэгтэй. Европ тивийн эрхэмсэг ард иргэд чадварлаг ли­дерүүд­тэй байх ёстой хэ­дий ч өнөөгийн Европын Холбоо иргэдийнхээ төлөө бодлого явуулахгүй байна. Холбооноос ард иргэдийн сайн сайхны төлөө бус ашиг сонирхлынх нь эсрэг бодлого явуулж бай­гаа. Тиймээс холбооны улс­тө­рийг ши­нэч­­лэх ёстой” хэ­мээн тэм­дэглэсэн байна.

Ташрамд дурьдахад, 2005 онд байгуулагдсан “Атака” нам нь үндэсний эрх ашиг, хараат бус статусыг хамгаалахын төлөө ажилладаг бөгөөд Болгар улсыг НАТО, Европын Холбооны гишүүнчлэлээс татгалзахыг уриалдаг аж. Түүнчлэн тус нам Болгар-Оросын харилцааг хөг­жүү­лэхийн төлөө идэвхтэй аж­лууд зохион байгуулдаг.

ОХУ, барууны орнуудын харилцаа Украйны нөхцөл байдалтай холбоотойгоор хурцдаж эхэлсэн. Орос нь Крымийг нэгтгэсний дараа АНУ, Европын Холбоо нь Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хөндлөнгөөс оролцсон хэмээн ОХУ-д есөн багц хориг арга хэмжээ авсан юм.

Хоригт Оросын банк санхүү, газрын тосны үйлдвэрлэл, эрчим хүч, батлан хамгаалах, компаниуд зэрэг эдийн засгийн чухал салбаруудыг багтаажээ. ОХУ хариу хо­ригийг өнгөрсөн найм­дугаар сарын эхээр авч АНУ, Европын Холбооны гишүүн орнууд, Канад, Австрали, Норвеги улсаас хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон.

Тиймээс Франц, Итали, Герман зэрэг улсын фермерүүд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлгүй болсноос алдагдалд ороод байгаа. Францын фермерүүд засаг захиргааны байрны гадаа жагсаал хийх, ургацаа хаях зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Европын Холбооноос фермерүүдэд нөхөн төлбөр олгохоо ам­ласан аж.
Түүнээс гадна Брюссель ОХУ-д тавьсан хоригийг цуцлах талаар аравдугаар сарын сүүлчээр хэлэлцэхээ мэдэгдэж байсан.

Гэвч эх сурвалжийн мэ­дээлснээр Европын холбоо ирэх 2015 оны гуравдугаар сарын дундуур хоригийн асуудлыг хэлэлцэхээр шийд­сэн гэнэ. Харин АНУ Украйны нөхцөл байдал сайжрахгүй, Донецк, Лу­ганскт зэвсэгт мөргөлдөөн гарч байгаа тул Оросын эсрэг хоригийг чангатгах санал тавьжээ.

Европын Холбооны улсуу­дын тухайд хоригийг дахин чангатгахын тулд нэгдсэн байр суурьтай байх шаардлагатай.

Зураг