Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвид Холидэй: Мобикомын хэрэглэгчдийн мэдээлэл алдагдаагүй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
2014.10.24 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

Өнөөдөр Мобиком корпорацийн хорь орчим хэрэглэгчийн гар утасны дугаарыг ашиглан улс төрийн зорилготой дайрч давшилсан утга бүхий мессеж илгээсэн явдал гарсантай холбогдуулан Мобикомын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
Мобиком корпорацийн мэргэжилтнүүд шалгалт хийсний үндсэнд үүссэн нөхцөл байдал дараах хоёр асуудалтай холбоотой байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Үүнд:



1. Румынь улс болон Мальта улс дахь нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, ямар нэгэн компьютерийн программаар дамжуулан мессеж бичиж буй жинхэнэ дугаарыг нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулж байна.

2. Дугаараа нууцлан мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холидэй хэлэхдээ “Юуны өмнө энэ үйл явдал нь манай компани дээр хадгалагдаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан, задруулсан, ил болгосон асуудал биш юм.

Шалгасны үндсэн дээр бид Румынь болон Мальта улсаас ирж буй хөдөлгөөнийг хаасан. Мөн тухайн улсын үүрэн телефоны операторуудтай хамтран ажиллаж байна.

"Өнөөдрийн асуудал бол хэн нэгний нэрийг барьж залилан хийж байгаагаас ялгаагүй. Бид энэ гэмт хэргийг хийсэн хүмүүсийн олж илрүүлэхийн тулд ажиллах болно” гэв.  

Мобиком корпораци уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад мэдээллийг өгч бүх талаараа хамтран ажиллахаа мэдэгдэв. 

Мөн энэ асуудал дан ганц Мобиком биш манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа үүрэн телефоны бүх операторуудад нөлөөлсөн бөгөөд тэд ч мөн адилхан арга хэмжээ авч байгаа аж. 

Дээр дурдсан Мальта улсаас Юнителийн хэрэглэгчдэд мөн ижил мессеж илгээсэн гэдгийг тус компанийн зүгээс Мобиком корпорацид мэдэгджээ.