Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Игуала хотын дарга Хосе Луйс Абарка нарын хүмүүсийг баривчлахыг тушаажээ

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Мексикийн Засгийн газар тус улсын өмнөд хэсгийн Герреро мужийн Игуала хотод жагсаал хийгээд буцаж явахдаа халдлагад өртөж амь үрэгдсэн зургаа, ор сураггүй алга болсон 43 оюутны хэрэгт Игуала хотын даргыг буруутган баривчлахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон тухай BBC агентлаг мэ­дээл­сэн байна.

Улмаар Мексикийн Про­курорын газар хотын захирагч Хо­се Луйс Абаркаг эхнэр Мариа де лос Ан­же­лес Пинеда болон Цагдаагийн газ­рын дарга Фелипе Флорес нарын хам­таар баривчлах тушаал гаргаад бай­гаа юм байна.

Мексикийн албаныхан су­раггүй болсон оюутнуудын эрлийн ажил­лагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ч, хаана байгаа талаарх ямар ч сэжүүр олоогүй байгаа юм. Өмнө нь хотын зах хэсгийн нутгаас 28 цогцос олдсон бөгөөд тэднийг эхэндээ оюутнуудынх хэмээн үзэж байсан ч, ДНК-ын шинжилгээгээр биш болох нь батлагдсан.  Үүний улмаас тус улсын хуулийн байгууллага гадаад дотоодын шүүмжлэлд өртөх болов.

Улсын Ерөн­хий прокурор Есүс Мурилло Ка­рам сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үедээ хотын захирагч Хосе Луйс Абарка нь эхнэрийнхээ төлөөлдөг орон нутгийн хүүхдийн эрхийг хамгаалах сангаас зохион байгуулсан арга хэмжээг үймүүлж, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсан оюутнуудыг хү­чээр тараахыг цагдаа нарт үүрэг бол­госон хэмээн хотын захирагчийг баривчлах үндэслэлээ товч тодорхой тайлбарлажээ.

Түүнчлэн, Мексикийн эрх баригчид Луйс Абаркаг орон нутгийн хар тамхины “Guerreros Unidos” бүлэглэлтэй хуйвалдсан гэж үзэж байгаа юм байна. Харин хотын захирагч Хосе Луйс Абаркагийн эхнэр Мариа де лос Анжелес Пинедаг ах дүүсийнх нь дунд багаар бодоход гурван хар тамхины наймаачин байдаг бөгөөд мөн нөхрийнхөө хуйвалдаанд оролцсон гэх үндэслэлээр буруутгаад байгаа аж.

Игуала хотод өнгөрөгч лхагва га­рагт барагцаагаар сар гаруйн хуга­цаа өнгөрчихөөд байхад хэрэг шийдэг­дэх­гүй байгаад уурссан хэдэн зуун багш, оюутнууд эсэргүүцлийн хө­дөл­гөөн зохион байгуулсан бө­гөөд за­рим хэсэг нь захиргааны бай­рыг гал­дан шатаажээ. Одоогоор хэч­нээн хүн тухайн байрыг шатаасан нь то­дор­хойгүй байгаа аж. Орон нут­гийн сэтгүүлчдийн мэдээлсэнээр ажилт­нуудыг гарсаных нь дараа захиргааны байранд  гал гарсан гэнэ. Ингэснээр жагсагчид гал тавьсан хэрэг хоёр дахь удаагаа давтагдаж байгаа юм.



Үүнээс гадна өнгөрсөн мягмар гарагт Герреро мужийн нийс­лэл Чильпансинго хотод ч гэсэн 500 ор­чим багш нар мужийн захирагчийг огцрохыг шаардан, Ард­чилсан социа­лист намын төв байр руу дайран орж, комьютер, бичиг баримтыг нь шатаасан байна. Энэ мэтээр ард иргэ­дийн эсэргүүцэл газар авч байгаа нь орон нутгийн эрх баригчдыг сан­дар­гах болсон тухай зарим эх сур­валжууд тэмдэглэв.

Игуала хотод өн­гөрсөн есдүгээр сарын 26-нд сур­гуулийн төсвийг нэмэх, хот хөдөөгийн оюут­нуудыг ялгаварлан гадуурхах үз­лийг арил­гахыг  шаардсан багш, оюут­нуу­дын жагсаалын үеэр мөргөлдөөн гар­сан юм. Улмаар тус эсэргүүцлийн жаг­саалд оролцоод хот руугаа буцаж явсан оюутнуудын автобус руу цагдаа нар гал нээсний улмаас зургаан оюутан амь үрэгдэж, 43 багш, оюутан ор сураггүй алга болсон билээ.

Мексикийн Засгийн газар сураггүй бол­сон оюутнуудын талаарх үнэн зөв мэдээлэлд 110 мянган ам.долларын шагналыг амлаад байгаа бө­гөөд эрэн сурвалжлах ажилд 1200 гаруй цагдаагийн алба хаагч оролцож байгаа юм байна.

Зураг