Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Чанарын баталгаагүй жимс цэцэрлэгүүдэд нийлүүлж байжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын есөн дүүргийн төрийн өмчит 172 цэцэрлэгт хүнсний хангалт хийдэг нийслэлийн өмчит таван байгууллага байдаг.

Уг таван байгууллагад НМХГ-аас  шалгалт хийж, нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгөх, шалгалтыг хийжээ.

Шалгалтад:

  • Баянгол дүүргийн ’’Асгат” НӨҮГ
  • Баянзүрх дүүргийн “Өсвөр үе хүнс” НӨҮГ 
  • Чингэлтэй дүүргийн “Багачууд” НӨҮГ
  • Сонгинохайрхан дүүргийн “Хүнс хангамж төв”
  • Налайх дүүргийн “Хүнс хангамж төв”-үүдийг хамруулсан байна.

Шалгалтын явцад нийт 85 зөрчил илрүүлж илэрсэн зөрчлийн 43 буюу 50.5 хувийг нь газар дээр нь зөвлөн тусалж арилгуулсан байна. 

НМХГ-ын ХХААҮҮХХ-ын дарга Д.Энхбат "Цэцэрлэг, ясли, эмнэлэгт хүнс ханган нийлүүлдэг байгууллагууд бүгд түрээсийн, зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж, тээвэрлэлт хийж буй машинууд нь ч зориулалтын бус байгаа нь их эрсдэл дагуулж байна" гэлээ.

Шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил нь:

  • Хүнс хангамжийн төвүүдийн хүнсний агуулах нь 1950-1970 онуудад баригдсан, хүнсний агуулахын чиглэлээр ашиглах боломжгүй зориулалтын бус байр ба “Өсвөр үе хүнс”, “Асгат” НӨҮГ нь улсын байцаагчийн дүгнэлтээр акт тогтоосон байранд үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн.
     
  • Чингэлтэй дүүргийн “Багачууд хүнс” НӨҮГ нь ААН болон хувь иргэнээс гэрээ хийгээгүй хүнсний бараа татсан, гарал үүсэл нь тодорхойгүй байгалийн жимс их хэмжээгээр хадгалан цэцэрлэгүүдэд түгээлт хийх гэж байсан.
     
  • Сонгинохайрхан дүүргийн “Хүнс хангамж төв” НӨҮГ нь хугацаа дууссан гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсан ба гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаажилтгүй жимс, жимсгэнийг цэцэрлэгүүдэд ханган нийлүүлэлт хийж байсан.
     
  • Дээрх нийслэлийн өмчит таван хүнс ханган нийлүүлэх байгууллага нь  түгээлтийн 10 машинтай бөгөөд тэдгээр машины долоо нь зориулалтын бус, тусгай зориулалтын тоноглолгүй, хөргөх төхөөрөмж, дулаан хэмжих хэрэгсэлгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа.