Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зам, гүүр, барилгын "Хөгжлийн бэрхшээл"

Б.Энхзаяа
2014 оны 10 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын иргэдийн үндэсний холбоо, “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагатай хамтран бидний эргэн тойрон дахь барилга байгууламж, зам талбай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хүртээмжтэй байдаг талаар нийслэлийн хэд хэдэн цэгийг сонгон газар дээр нь шалгасан юм.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг нэгтгэж холбогдох байгууллагуудад нь ирэх сарын сүүлчээр шаардлага, зөвлөмжүүд өгөх юм байна.
 
Шалгалтын багийнхны эхний очсон газар нь “Бөмбөгөр” худалдааны төвийн болон 100 айлын гүүрэн гарц байлаа. Нийслэлд хөл хөдөлгөөн ихтэй замуудад осол гарахаас сэргийлж хэд хэдэн гүүрэн гарц байгуулсны хоёр нь энэ юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахаас гүүрэн гарц нь аюулгүй. Гэвч түүгээр үйлчлүүлье гэтэл бүх зүйл нь боломжгүй байгааг албаныхан дүгнэлээ.

Нэг ч байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартыг хангалттай биелүүлсэн нь байгаагүй.

Хэдийгээр харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэмдэг, тэмдэглэгээ, тэргэнцэртэй иргэд зорчих налуу замтай барьсан ч стандартын шаардлага хангах нь цөөн байлаа.

Тухайлбал, тэргэнцэртэй хүмүүсийн замын налуугийн хэмжээ нэг метр өндөрт 12 метр өндөр байх ёстой. 100 айлын гүүрэн гарцны налуу шат нь 40 см өндөртэй бөгөөд урт нь 2.3 метр байв. Энэ нь стандартаасаа хоёр дахин богино хэмжээ гэнэ.

Өөрөөр хэлбэл, тэргэнцэртэй иргэд огцом уруудах, эсвэл налуу шатаар өгсөх боломжгүй огцом гэсэн үг аж. Үүнээс гадна цахилгаан шатны довжоо нь эгц өндөр, бариулгүй зэрэг зөрчлүүд байгааг тогтоов. Хараагүй хүмүүсийн хувьд ч бэрхшээлтэй байгааг тэд өөрсдөө хэлж байв.

Цахилгаан шатны нээх хаах кнопонд баррель үсгээр тэмдэглэсэн ч тэндээс гарах зам нь төгсгөлгүйгээр үргэлжилжээ.

Харин олон улсад ямар байдаг талаар Монголын дүлий иргэдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Олзвой "Гадны улсад гарц тэмдэглэгээнээс гадна нэг байгууламжийн гадна гэхэд 15-30 зогсоол байдаг юм билээ.

Хараагүй хүмүүст зориулсан зам нь стандартын дагуу, бусдад ойлгогдохоор будаж тэмдэглэсэн байдаг.

Харин манайд бол замын гарцнаас эхлээд л бэрхшээлтэй. Бүтээн байгуулалтууд өрнөж байгаа ч олонх нь ашгийн сонирхолтой байдаг” гэж байна.
 
Ажлын хэсгийнхний очсон дараагийн байгууламж нь Улсын бүртгэлийн ерөнхий газар байсан юм. Иргэд хамгийн их үйлчлүүлдэг тус байгууллагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч очих шаардлага гарна.

Гэвч үүднээсээ эхлээд л тэдэнд бэрхшээл тулгарав. Тэргэнцэртэй иргэд налуу шатаар нь явах боломжгүй огцом өндөртэй байсан. Уг шатаар энгийн хүн ч явах боломжгүй байгааг иргэд хэлж байлаа. Тэргэнцэртэй иргэд хүнээр өргүүлээд гаръя гэтэл хаалгаар нь багтахгүй. Стандартаар 85 см байх ёстой байтал 79 см байв. Харин харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хөтөч болохоор ажилтан байхгүй нь тэдэнд бас л тулгамдсан асуудал байв.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Манайхан нэг үеэ бодвол бүтээн байгуулалтдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайг хийдэг болж.

Зориулсан юм шиг мөртлөө хэрэгцээг нь хангаж чадахгүй байна. Хүртээмжгүй гэсэн үг. Үүнийг цааш цаашдын, үйл ажиллагаандаа бүтээн байгуулалтынхан анхаарах ёстой” гэв.
 
Хүний эрхийн үндэсний комиссынхноор ахлуулсан ажлын хэсгийнхэн 30 орчим байгууллагыг шалгасан юм. Гэвч нэг ч байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартыг хангалттай биелүүлсэн нь байгаагүйг тэд онцолсон юм.

Зураг