Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ааруул амсах гэж ирээд Ардчилсан намыг бужигнуулаад явах нь ...

Ч.Болортуяа
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Төрийн ордон. 2014.10.22, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Ардчилсан нам өөрийн дотоод ардчиллаараа имиж хийх дуртай. 

Харин сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд нь дотоод ардчилал гэхээсээ зөрчил, тэмцлийн шатанд хүрээд байх шиг. 

Энэхүү зөрчилтэй байдал өнгөрсөн хаврын “давхар дээл”-ийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр олонд ил тод болсон. 

Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд асан Х.Баттулга хоёр нэг танхимд багтаж шингэх боломжгүй болсноо зарлаж Х.Баттулга сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьж улмаар давхар дээлээ тайлсан. 

Ингэж удаан хугацааны туршид таамаглал төдий байсан тэдний таарамжгүй харилцаа ил болсон. 

“Давхар дээл”-тэй холбоотой нөгөөтэйгүүр сөрөг хүчний шаардлагаар Засгийн газар, Ерөнхий сайдын суудал ганхаж эхэлсэн.

Ингэж Н.Алтанхуяг танхимдаа сэлгээ хийж, ажлаа эрчимжүүлэхээ сүртэй нь аргагүй зарлах шаардлагатай болов. Олон нийтэд хүлээлт бий болгосон ч тэр хүлээлт тийм үр дүнтэй өөрчлөлтийг авчирч чадав уу гэдэг эргэлзээтэй үлдээд байна. 

  1. Суудлаасаа буусан буюу хариуцлага тооцож буй гэх сайд нар үнэхээр муу ажилласан уу, үлдэж буй сайд нар нь тэднээс хавьгүй илүү ажилласан уу?
     
  2. Чөлөөлөгдсөн сайд нарын оронд ирж байгаа нэр дэвшигчид тэднээс илүү юу ... 
     
  3. Тийм дүгнэлт, судалгаа , тайлбар байна уу?
     
  4. Зүгээр л хэн нэгний суудлыг сольж баахан сандал ширээний тухай УИХ-аар хэлэлцэж цаг алдаж буй хариуцлагагүй үйлдэл үү?

Энэ бүх хариултгүй асуултууд хөврөх зуур Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын гэрээ зурагдаж намын нөхдөө гайхшруулав. 

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголд ирэхийн өмнө түүнийг БНСУ-ын иргэн болох хүсэлт гаргасан, орогнол хүссэн зэрэг дуулианыг дагуулан ирэхдээ “Миний ирсэнд улс төрийн шалтгаан байхгүй” гэж хэдэнтээ хэлэв. 

Улстөрийн шалтгаан байхгүй байтлаа Ардчилсан намтай 2020 он хүртэл Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад зогсож байх уу.

Бүр тэр гэрээ нь Ардчилсан намын гишүүдийн эгдүүцлийг төрүүлж эцэстээ гэрээ хийсэн хэргийн эзэн Н.Алтанхуяг байгуулсан гэрээнийхээ зарим заалтыг дахин нягтлахгүй бол болохгүй гэсэн дохиог өгөв. 

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр ХБХ, Төрийн ордон. 2014.10.22, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Н.Алтанхуяг ч бууж өгөв. Харин түүний энэ алхам Н.Алтанхуягийг ямар харагдуулсан бэ. Дур мэдэн амиа бодогч эсвэл сайн удирдагч хийх ёстой зүйлээ л хийсэн хэрэг үү...

Ямартай ч энэхүү үйл явдал АН-ын дотоод зөрчил гэхээсээ дотоод хяналтгүй, улстөрийн төлөвшил суугаагүй байгаа гэдгийг илтгэх мэт. 

Дарга нь намын дүрмээ зөрчөөд байхаар өөр хэн дүрмийг сахих юм бол. 

Нөгөөтэйгүүр Н.Алтанхуяг инээдтэй харагдсан юм бол нөгөө талд Н.Энхбаяр гэж хэн бэ. Түүний Монголд ирсэн шалтгаан нэгэнт тодорхой болж байна.

Тэрбээр эх орондоо ирсний маргааш Засгийн газрын ордонд орж “Шударга Ёс” эвслийн бүлгийн хуралд суусан. Энэ үеэр “Зууны мэдээ” сонинд  өгсөн ярилцлагадаа “Би Монголынхоо уужим агаараар амьсгалж, сэтгэл сэргээм уул усаа харж баясах гэж ирсэн юм шүү. Хөдөөгүүр нуур усны голын эрэг дээр очиж болж өгвөл малчдынхаар бууж, цагаан идээ амсаад ч болов буцахыг хүсэх юм.  Малчин түмэнтэйгээ жирийн нэгэн яриа өрнүүлж, уулзах юмсан гэж бодож байна” гэсэн билээ. 

Харин түүний ингэж ярьсныг “Н.Энхбаяр ааруул амсах гэж ирээд Ардчилсан намыг бужигнуулаад явах бололтой...” гэж хошин ч юм шиг яриа ордноор түгжээ. 

Нээрээ л ингэж бодохоор. Их гэмгүй ирснээ Монголын улстөрд бөөн л бужигнаан үүсгэчих түүний ид шидийг яалт.  Хамгийн гол нь ааруул амсах гэж ирсэн хүний сүүдэрт яасан ч амархан хуйларч, хямардаг нам юм... 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “Ийм гэрээ байгуулахаа олонд зарлаж ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцүүлэх байтал Н.Алтанхуяг дарга өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут хариу арга хэмжээг дур мэдэж, яаран авсан нь алдаа байсан” гэж даргынхаа алдааг хүлээн зөвшөөрчээ.  

Мөн тэрбээр асуудлыг хүчтэй босгож ирсэн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн тухай “Намын гурван удирдлагын нэг нь Э.Бат- Үүл дарга. Тэр хүн ирээд асуудлаа ярьдаггүй. Гүйцэтгэх  зөвлөлийнхөө хуралд нэг ч суудаггүй. Тэгсэн хэрнээ асуудал ундрахад шууд босч ирээд мэдэгдэл гаргана гэдэг таатай зүйл биш. Намаасаа хэр холдож, хөндийрснөө харуулж байгаа юм” гэжээ. Тэгэхээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нөгөө хоёр лидертээ ийнхүү шүүмжлэлтэй ханджээ. 

АН-ын дотоод ардчилал имиж нь биш харин намынхаа нэр хүндийг улам л унагах тал руугаа хэлбийжээ. 

Хамтран ажиллах гэрээний талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөн л игзаар нь хүрч энэ тухайгаа илэрхийлсэн. 

 

Энэ бүх зүйлийн хэргийн эзэн АН-ын дарга Н.Алтанхуяг “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид 2 улсын хөгжил, УБ-ын утааг арилгах тухай ярих цаг биш үү” гэжээ. 

 

 

Ерөнхийлөгчийн зөвлөх, АН-ын гишүүн Л.Эрхэмбаяр энэхүү үйл явдал дунд “Ард түмэн 2016 онд сонголт хийхдээ дотоод ардчилал шүүмжлэлийнх нь төлөө  2000 он шиг хатуурхахгүй биз ээ. Ил тод байдал чухал” гэсэн жиргээг хийжээ. 

 

 

Ил тод байдал чухал. Дотоод ардчилал ч бас чухал. Гэхдээ үүнээс илүү эрх ашиг бий гэдгийг олон нийт хэнээр ч заалгахгүй МЭДЭХ буй за.