Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогыг хэлэлцэхээр боллоо

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, дунд, урт хугацаанд эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд чиглэнэ гэж Монголбанк үзжээ.

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2015 оны эцэс гэхэд долоон хувьд, 2016-2017 онд энэ түвшинд тогтворжуулсны үндсэн дээр иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн ирэх оны мөнгөний бодлогын баримт бичигт тусгаад байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал гишүүдэд мэдээлсэн.

Гишүүд ирэх оны мөнгөний бодлоготой холбогдуулан асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, ирэх оны төсөвтэй мөнгөний бодлого уялдсан эсэх, ирэх жил ам.долларын ханшийг 1750 төгрөг байхаар тооцож байгаа Засгийн газрын бодлого боломжтой эсэх, иргэдийн хадгаламж нэмэгдэж байгаа эсэх, банкны хүү ямар байх талаар Монголбанкны ерөнхийлөгчөөс тодруулж байлаа.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хариулснаар, валютын ханш эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг хэдий ч ханшийн төсөөлөл дээр тооцоод 1750 төгрөг гэдэг байж болох тоо гэж үзэж байгаа аж.

Тэрбээр хадгаламжийн хүү бодлогын хүүгээ дагадаг хэмээгээд хадгаламж эзэмшигчдийн тоо 2014 онд өссөн гэж мэдээлсэн. 2014 оны тоогоор хадгалуулагчийн тоо 30 хувиар өссөн дүнтэй байгаа юм байна.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрийн үр дүн, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс шалтгаалан зарим нэг сөрөг үр дагавар гарсан тул Монголбанк энэ хөтөлбөрөөс үе шаттай гарах ёстой гэсэн байр суурьтай гишүүн байсан.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тайлбарласнаар, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дундаж давхрагын хуримтлалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс шалтгаалж өрхийн төсөвт учрах нэмэлт ачааллыг нь зөөлрүүлсэн аж.

Түүнчлэн өрхийн зардлын бүтцийг зохистой болгох, дунд, урт хугацаанд инфляци буурах, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх бүтцийн шинэчлэлийг эхлүүлсэн гэлээ. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 13 сарын хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 2492 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 13 хувьтай тэнцэх хэмжээнд, зээлдэгчдийн тоо 59.756 болсон юм байна.

Гадаад валютын орох урсгал 2014 он гарсаар нэмэгдээгүй тул төлбөрийн нийт тэнцэл сайжраагүй, түүнчлэн төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь суурь инфляцийн өсөлтөөр дамжин хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг өсгөх эрсдлийг бий болгосон юм байна. Иймд гадаад валютын орох урсгал, гадаад цэвэр актив тасралтгүй буурч, төлбөрийн тэнцэл сайжрахгүй байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрөөс бусад хөтөлбөрийн зээлийг бууруулах замаар тэдгээр хөтөлбөрөөс үе шаттай гарах зарчим баримталж байгааг Монголбанкны ерөнхийлөгч мөн онцолсон.

Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 71,2 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.