Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дамдин-Од: Бусад нь ордонтой болсон нь цагаахан атаархал төрүүлж буйг нуулгүй хэлье

Г.Зул
2014 оны 10 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүн Д.Дамдин-Од

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүн Д.Дамдин-Одтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн явц, ШЕЗ-өөс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тань талаар яриагаа эхлэх үү?

-Ер нь хүн орчноо бодитой мэдэрч амьдрах нь өлзийтэй байдаг. Аль ч утгаараа. Хүн төрөлхтөний түүхэнд олон түмний нэг нийтлэг хүсэл мөрөөдөл бол зөв буруу, үнэн худлыг шударга шүүхээр шийдвэрлүүлэх явдал байсан. Монголын ард түмний энэ л хүсэл мөрөөдлийг нь гүйцэлдүүлэх зорилгоор Шүүхийн тухай багц хууль батлагдсан., Энэ багц хуулийн хүрээнд шүүх эрх мэдлийн шинэтгэл эрчимтэй өрнөж байгаа.

  • Шүүхийн тухай багц хуульд
     
  • Монгол Улсын шүүхийн тухай
     
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай,
     
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай,
     
  • Шүүхийн захиргааны тухай,
     
  • Эвлэрүүлэн зуучлалын тухай,
     
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд багтдаг.

Эдгээр хуулиудын гол зорилго бол шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд нээлттэй байдлыг хангах, шүүгчийн ачааллыг зохистой байлгах, шилдэг хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, шүүгчийг мэргэшүүлэх, шүүхийн захиргааг бэхжүүлэх, хуулийн өмнө тэгш эрхтэй байх тухай үндсэн хуулийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

Шүүхийн захиргааны төв байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ хуулийн дагуу байгуулагдсанаас хойш нилээд чухал асуудлуудыг шийдвэрлэж байна.

Энэ талаар товчхон танилцуулвал, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөх гэж оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулж, хэрэгт хавсаргадаг баримт бичиг болох “Нөлөөллийн мэдүүлэг”-ийг хөтлөх журмыг баталж, мөрдүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Хоёрт, Үндсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэгт зааснаар ..г хуульчдаас шүүгчийг шилж олох...эрх мэдлийг хариуцуулсан байдаг.

Энэ чиглэлээр “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ыг шинээр Улсын Ерөнхийлөгчөөр батлуулан хэрэгжүүлж байна. Энэ журмаар шинээр томилогдох Ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг сонгон шалгарууллаа. Шүүгчийн томилгооны талаар урьд нь гардаг байсан олон зөрчил, хэл ам дарагдсан гэж боддог. Гуравт, Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн олон асуудлыг шийдвэрлэлээ.

Бүх шүүхийн шийдвэрийг “Шүүхийн нэгдсэн цахим сан”-гаас чөлөөтэй харах, судалгааны эргэлтэнд оруулах өргөн боломж бүрдсэн. Шүүх хуралдааны явцыг нээлттэй шүүхийн танхимд лед дэлгэцээр чөлөөтэй үзэж байна. Бүх шатны шүүхийн шүүгчдийн сургалт, хэлэлцүүлэг, хурал зөвлөлгөөнийг онлайн системээр шууд холбогдон явуулах боломжтой боллоо.

Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно гэсэн заалтыг УИХ-ын эрхэм гишүүд баримтлах байх.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлсоны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анх удаа шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг эдийн засгийн хувьд хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг тогтоолоо. Түүнчлэн “Хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр”, “Шүүхийн шинэ менежмент”, “ Шүүх ба олон нийт” хөтөлбөрүүдийг баталж ирээдүйг харсан томоохон бодлогуудыг тодорхойллоо.

Мөн шүүхийн шинэ бүтэц, зохион байгуулалт, хэргийн хөдөлгөөний менежмент, эвлэрүүлэн зуучлал, дэд бүтцийн асуудлаар шийдвэрлэсэн, хийж байгаа ажлуудын талаар яривал нилээд цаг хугацаа орох байхаа.

-Би саяхан Багануур дүүрэгт байрлах шүүхээр үйлчлүүллээ л дээ. Түрээсийн байранд байдаг юм байна. Өрөө тасалгаа хүртээмж муутай юм. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн үүдээр оронгуут бохир үнэртэж, тэнд удаан суух, үйлчлүүлэх тун хэцүү санагдсан. Шүүхийн байруудад хөрөнгө оруулалт яагаад хийгдэхгүй байна вэ?
 
-Шүүхийн 2015 оны төсвийн төсөл нь Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх эдийн засгийн баталгааг хангахад л чиглэсэн бодит. шаардлагыг тусгасан л даа. Шүүхийн тухай хуульд Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно гэсэн заалтыг Улсын их хурлын эрхэм гишүүд баримтлах байх.

-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах гол хөшүүрэг нь эдийн засгийн баталгаа мөн үү?

-Эдийн засгийн агуулгаар авч үзвэл яах аргагүй гол хөшүүрэг мөн. Том өнцгөөс нь харвал хүний эрх, эрх чөлөөг хамгаалах,зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх шүүхийн эрхэм зорилтын эдийн засгийн баталгааг төр хангах тухай Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нягт холбон ойлговол зохилтой.

Түүнээс гадна шүүгчийн цалингийн асуудал хөндөгддөг. Шүүгчдийн хувьд цалингаас өөр амжиргааныхаа орлогыг нэмэгдүүлэх бүх боломж, эрхийг хуулиар хязгаарласан байдгаараа онцлогтой юм. Тийм ч учраас багц хууль батлагдаж, шүүгчийн өмнө авч байсан бүх нэмэгдлийг хүчингүй болгосонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах үндсэн хэрэгсэл болох цалинг анх удаа шинэчлэн тогтоосон талаар дээр хэлсэн.

Шүүгч нарын санаа бодлып сонсож байхад цалин нэмэгдсэнээр ар гэр, амжиргаандаа санаа зовох нь багасаж, ажилдаа илүү анхаарлаа хандуулж, сайн ажиллах хүсэл эрмэлзэл нэмэгдсэн талаар ярьж байгаа нь төрийн бодлогын эерэг үр дүн юм.

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлж байгаа. Гэтэл шүүгчдэд нөлөөлөхийг оролдож байгаа үйлдлүүд их харагдах юм? Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нөлөөллийн мэдүүлэг хөтөлж эхэлснээр хэлэлцэж буй хэрэгтэй нь холбогдуулан шүүгчид нөлөөлөх аливаа оролдлого мэдэгдэхүйц таслан зогсоогдсон. Энэ талаар шүүгч бүхэн хэлж байгаа. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журмыг гаргаж мөрдүүлсэнээс хойш цөөн тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдол бүрийг эрх бүхий байгууллагаас шалгаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж байна.

Зураг