Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх оноос ахмад настан, оюутан сурагчдыг 500 төгрөгөөр зорчуулахаа мэдэгдлээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олговорыг нийслэлийн төсөвт шилжүүлж байгаагаа мэдэгдсэн.

Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийлээ.

2015 онд 83705 ахмад настанд 26,2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10,6 тэрбум, 113000 оюутанд 36,0 тэрбум бүгд 72,8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам унааны зардлын нөхөн олговорт төсөвлөж Сангийн яаманд хүргүүлээд байгаа ажээ.

Яамдууд нийтийн тээврээр зорчих хүний тоогоо тохироод унааны зардлын нөхөн олговорыг тооцоолсон байтал 30%-иар бууруулж, 52 тэрбум төгрөг болгон нийслэлд шилжүүлж байгааг тээвэрчид эсэргүүцэж байгаа юм.

Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн  Ц.Пүрэвсамбуу “Нөхөн олговорын хэмжээг багасгаж нийслэлийн төсөв рүү шилжүүлж байгаа нь улс иргэддээ үзүүлэх халамжаасаа ухарч байгаа үйлдэл юм.

Хэрвээ нөхөн олговорыг нийслэл рүү шилжүүлвэл бид 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс бүх хүнээс төлбөрийг нь авч зорчуулахаа мэдэгдэж байна” гэлээ.

Тээвэрчид нийслэлийн төсвөөс нөхөн олговорыг санхүүжүүлж байх он жилүүдэд үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлыг бүрэн авч байгаагүй бөгөөд нөхөн олговор улсын төсвөөс санхүүждэг болсноор үнэ төлбөргүй зорчих эрх бүхий хүмүүсийн тоо тодорхой болж, санхүүжилт нэмэгдэж цаг хугацаандаа нөхөн олговорын санхүүжилтээ авч байсан байна.

“Тэнүүн-Огоо” компанийн захирал  А.Ганхуяг “Тээвэрчдэд өгдөг нөхөн олговорыг авахаа болиод бид автобусанд суусан бүх иргэдээс төлбөр авч зорьчуулая аа. Бидэнд өгдөг тэр нөхөн олговороо үнэгүй зорчдог иргэддээ тарааж өгөөчээ

Ингэвэл тээвэрлэлт шударга болно" хэмээн ярьсан юм.

Тээвэрчдийн зүгээс эрх ашгаа хамгаалан 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олговороос татгалзаж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас 500 төгрөгийн тарифаараа төлбөрөө авч зорчуулах болохоо албан ёсоор мэдэгдлээ.