Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

2013 онд Хятадад 2400 хүнийг цаазалжээ

Н.Мөнхжин
2014 оны 10 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Бодит тоо, баримт төрийн нууц байдаг ч өнгөрсөн онд Хятадад 2400 орчим хоригдлыг цаазалсан хэмээн АНУ-д төвлөрдөг хүний эрхийг хамгаалагч Дуй Хуа байгууллага үзэж байна.

Дундад улсын шүүх, цаазын тоо баримтад нэвтрэх эрхтэй нэгэн түшмэл Хятадын “Өмнөдийн долоо хоногийн тойм” сэтгүүлд өгсөн мэдээллээс иш татан ийнхүү мэдээлжээ. Энэ тоо нь дэлхий даяарх цаазын гүйцэтгэлээс  (778) даруй гурав дахин их байгаа ч 2012 онтой харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт ажээ. 2002 онд гэхэд л Хятадад 12 мянган хоригдлыг цаазалж байв.

2007 оноос хойш оноосон бүх ялын дээд хэмжээг эргэн харах шийдвэр гарснаар Ардын дээд шүүх мужийн хэмжээнд оноосон цаазын ялын гуравны нэгийг хүчингүй болгосон юм. 2013 онд Ардын дээд шүүх мужийн шүүгч нарын оноосон цаазын ялын 39 хувийг баримт, нотолгоо хангалттай биш гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

Цаазын ялын талаарх семинарт оролцсон нэгэн шүүгч “Өмнөдийн долоо хоногийн тойм” сэтгүүлд энэ талаар дэлгэсэн байна. 1979 онтой харьцуулахад Хятад дахь цаазын гүйцэтгэл арав дахин буурсан тухай тэрээр мөн онцолжээ. “Хатуу цохилт” хэмээх кампанит ажил эхэлсэн эхний жилд 24 мянган хоригдлыг цаазалж байсан гэдэг.

Хятадад нээлттэй бодлого хэрэгжиж, гэмт хэргийг бууруулах зорилгоор мужийн шүүх, хууль цаазад илүү эрх мэдэл олгосноор цаазаар авах ял эрс нэмэгдэж байсан юм. Үүний улмаас 1980-аад оны эхэн үеийн цаазын гүйцэтгэл 1950-аад оны хувьсгалын эсэргүү нарын “цэвэрлэгээ”-ний дараа орохоор аймшигтай их байсан аж.

Хятад дахь ялын дээд хэмжээний гүйцэтгэл ийнхүү буурч ирсэн ч энэ онд тийм их бууралт ажиглагдахгүй хэмээн Дуй Хуа сан үзэж байна.

Удирдагч Си Зиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажил болон Шинжаан-Уйгурт гарах болсон бослого, хөдөлгөөний дараа нухчин дарах ажиллагаа явуулж буйгаас ингэж дүгнэхэд хүргэж байгаа бололтой. Шинжаанд сүүлийн хэдэн сард үймээн самууны улмаас 300 орчим хүн амиа алдаад байгаа билээ.

Бээжингийн дэглэм хүчирхийллийн давалгааг зогсоохыг тулд хэдэн зуун хүнийг баривчилж, өнгөрсөн долдугаар сарын халдлагад оролцсон арав гаруй хүнд цаазын ял оноосон юм. Хятад орон хөгжиж, шүүх, хуулийн системээ шинэчилж, цаазын ялын гүйцэтгэл буурч байгаагийн хажуугаар шударга бусаар шүүн таслах явдал нэмэгдэж буйг онцлон тэмдэглэж байна.

Гэм зэмгүй хүмүүс гэмт хэрэгт буруутгагдан баривчлагдаж, цагдаагийн тамлалт, эрүүдэн шүүлтийн улмаас хилс хэрэг хүлээх нь олонтаа ажээ. Зодож, тамладаг нөхрөө тэсэхээ байгаад хөнөөсөн Ли Ян хэмээх эмэгтэйд цаазаар авах ял оноосныг Ардын дээд шүүх хүчингүй болгосон нь ихээхэн шуу­гиан дэгдээсэн ч эмэгтэйг дэмжсэн үзэл бодол давамгайлж байсан юм.

Хятадад хүн амины, хулгайн хэрэгт цаазаар авах ял оноох нь элбэг. Мөн хар тамхины наймаа, авлигын хэрэгт ялын дээд хэмжээ оноох нь бий. 2011 онд ялын дээд хэмжээнээс 13 хэргийг чөлөөлсөн ч цаазын ялаар шийтгэх заалттай 55 хэрэг байсаар байгаа ажээ.

Зураг