Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргалбаяр: Төрөлхийн дүлий хүүхэд ердийн сургуульд сурах боломжтой

Р.Оюун
2014 оны 10 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Жилээс жилд төрөлхийн сонсголгүй хүүхдийн төрөлтийн тоо нэмэгдэж байгаа аж. Харин төрөлхийн болон олдмол таг сонсголгүй  хүүхдэд сонсгол оруулах орчин үеийн эмчилгээний дэвшилтэт арга болох дунгийн суулгацын мэс заслын талаар ЭМЖЖ эмнэлгийн Чих, хамар хоолойн мэс заслын эмч, анагаах ухааны магистр Д.Жаргалбаяртай ярилцлаа.

-ЭМЖЖ эмнэлэгт төрөлхийн хэлгүй, дүлий хүүхдүүдийг нэг хүртэлх насанд нь оношлож, хоёр настайд нь сонсгол сэргээх мэс засал хийж байгаа гэсэн?

-Манайх 2009 оноос эхлээд төрөлхийн хэлгүй, дүлий хүүхдүүдийг оношлож дунгийн суулгацын мэс заслаар хэл яриа, сонсох чадамжийг нь сайжруулж байгаа. Хүүхдийг дөнгөж төрсний дараа сонсголыг нь шалгадаг тест байдаг.

Энэ тестийг нэг нас хүртэл нь давтан 2-4 удаа хийгээд төрөлхийн дүлий хүүхдүүдийг оношлодог. 1-3 насны хооронд оношлогдсон хүүхдүүддээ дунгийн суулгацын мэс заслыг хийвэл илүү үр дүнтэй.

-24 цагийн дотор хүүхдийн дүлийг оношлодог болсон гэлээ. Энэ талаар тодорхой хэлж өгөөч?

-2010 онд Засгийн газар, Эрүүл мэндийн яамаар баталгаажсан “Дүлийтэй тэмцэх үндэсний стратеги” хөтөлбөрийг баталсан. Үүний дагуу Солонгосын Рафайль интернэшнл олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол Улсад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нярайн хоёр багажийг бэлэглэсэн.

Энэ багажийн тусламжтайгаар одоогоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрж байгаа хүүхдүүдийг 24 цагийн дотор тест хийж оношлож байгаа. Эндээс бид дүлий хүүхдээ эрт оношлож, тусламж үзүүлэх боломжтой болсон.

-Дунгийн суулгацын хагалгаа нь чихэнд ямар нөлөөтэй юм бэ?

-Дунгийн суулгац гэдэг нь сонсголыг орлуулж байгаа аппарат юм. Нэг ёсондоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалтай ижил гэсэн үг. Энэ нь дотор, гадна аппаратаас бүрдэнэ. Дотор аппарат нь дотор чих буюу дун хүргэж гавал ясан дээр суурилуулж өгдөг.

Харин гадна аппарат нь яг сонсголын аппарат шиг дотор аппараттайгаа харьцдаг. Гадна аппаратыг салгасан тохиолдолд хүүхэд чимээ авахгүй. Унтахад нь аппаратыг авч болно.

-Энэ хагалгааг хэдэн удаа хийдэг юм бэ. Бага насанд нь мэс засал хийлгэх илүү үр дүнтэй байдаг гэж ойлгож болох уу?

-Дунгийн суулгацын мэс заслыг нэг удаа хийнэ. Хагалгааны дараа хэл заслын хичээлийг 2-3 жил хийж байж зургаан насандаа бусад хүүхдийн адил ерөнхий боловсролын сургуульд сурах боломжтой. Энэ хагалгааг 2009 онд манай улсад хийж эхэлсэн.

Үр дүн нь  2-4 жилийн хугацаанд  илэрдэг. Эрүүл хүүхэд нэг, хоёр насандаа хэлд ордог. Яг үүнтэй адил эрт хэлд оруулаад эрт сонсгочихвол хүүхдийн хэл ярианы төв нь бусад хүүхдийнхтэй адилхан хөгжөөд явна. Нас оройтох тусмаа хэл яриа хөгжих боломж нь багасна гэсэн үг.

-Тэгвэл 10-16 насанд нь энэ хагалгааг хийлгэхэд хэр үр дүнтэй байдаг бол?

-Дүлий хүн гэдэг угаасаа хэл яриа хөгжихгүй. Тиймээс 10 наснаас дээш болсон хүүхдүүдэд хэл ярианы хөгжил нь буурна. Харин эсрэгээрээ чимээ авч ойр зуурын хэдэн үг хэлнэ. Бид 15, 16 настай хүүхдүүдэд дунгийн суулгацын хагалгаа хийхэд замын осол, машины дохио, утас дуугарах, хаалга тогших зэрэг чимээг сонсч байсан. Энэ чимээг авснаар ядаж зам тээврийн ослоос өөрийгөө хамгаалж чадаж байна.

-Энэ хагалгааг улсын эмнэлэгт хийдэг үү?

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ жил анхны хагалгааг хийсэн. Манай эмнэлэгт хийгээд таван жил болж байна. Цаашид энэ хагалгааг улсын эмнэлэгт хийлгэх, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нутагшуулах зорилгоор гэрээний дагуу хамтран ажиллаж байгаа.

-Дунгийн суулгацын хагалгааг хийлгэсний дараа эмчийн хяналтад байх шаардлагатай юу. Үүнийг хэдэн төгрөгөөр хийдэг юм бэ?

-Дэлхийд дунгийн суулгацын мэс засал хөгжөөд 40-өөд жил болж байна. Хагалгаа хийлгэсэн өвчтөн насан туршдаа эмчийн хяналтад байна. Манай эмнэлгийн хувьд тухайн үед Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай 2012 онд хийсэн гэрээний дагуу хямдралтай үнээр 50 ширхэгийг хийж байсан. Зарим нэг аппаратныхаа үнээс шалтгаалаад 20-38 мянган ам.доллар хүртэл байгаа.

Техник технологийн ололтоосоо шалтгаалаад хамгийн сүүлийн үеийн буюу энэ оны зургадугаар сард хийсэн аппарат нь 38, 2010 онд хийсэн аппарат нь 20 мянган ам.долларын үнэтэй. Гадаадад энэ аппарат 40-60 мянган ам.долларын үнэтэй байдаг. Манайхан гадаадад эмчлүүлбэл ямар вэ гэж ирж асуудаг. Гадаадад хийлгэж болно. Дараа нь хэл заслын хичээл ороход хэцүү.

-Яагаад хэцүү гэж. Хэл ярианы хичээлийг эмч нар өөрсдөө заадаг уу?

-Тухайн хүүхэд аль улсын хэл дээр хэл орж байна. Монгол хэлээр хэлд орж байвал эндээ хийлгэсэн нь илүү үр дүнтэй. Гадаадад хийлгэчихээр насан туршдаа эмчийн хяналтад байх болохоор эмчийнх нь хяналт байхгүй болно. Тиймээс эрсдэлтэй. Тусгай хэл заслын багш эмч тусдаа байдаг.

Манай эмнэлгийн хувьд хэл заслын өдөр өнжүүлэх төв нь Х хорооллын салбар дээр өдөр бүр хичээллэдэг. Тэнд манайд мэс засал хийлгэсэн 20-оод хүүхэд гурван бүлэг болоод хуваарийн дагуу хичээллэж байна. 2009 онд анх хагалгаанд орсон хүүхэд маань өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид орсон. Сайн сураад явж байгаа.

-Төрөлхийн хэлгүй, дүлий хүүхдээс гадна олдмолоор дүлий болсон хүүхдүүдэд ийм хагалгаа хийдэг болов уу?

-Хүнд хэлбэрийн болон олдмол дүлий. Олдмол дүлийд эмийн, гэмтлийн, вирусийн шалтгаантай дүлийрсэн хүүхдүүдэд хийдэг. Тухайлбал, Хэнтий аймгийн нэг өвчтөн бий. 18 насандаа мененгитээр дүлий болсон. Манайх Австрали улсын дэлхийд тэргүүлэх фермийн алдаа бага заадаг, хамгийн сайн аппараттай. Тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хангагдсан.   

Зураг