Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын буруу хэрэглэдэг зарим нэрийн учир

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN

Манай ихэнх хүмүүс зарим улс орон, үндэс угсаатнуудын нэрсийг хэрэглэхдээ хайнга хандаж буруу дуудаж, бичдэг. Тэгвэл хамгийн түгээмэл хоёр жишээг тайлбарлаж байна. 

  • Казах уу? Казак уу?

Казах болон Казак нэрүүдийн хооронд ганцхан үсэгний зөрүүтэй ч агуулгын хувьд асар их ялгаа бий. Казахууд бол одоогийн Казахстан, БНХАУ-ын Шинжаан, Монгол Улсын баруун аймгуудаар голлон суудаг түрэг угсааны нүүдэлчин ард түмэн.

Казахууд одоогоос 100 жилийн өмнө

Харин Казакууд (Козак ч гэдэг) бол Украйн болон Оросын өмнөд хэсгээр амьдарч ирсэн славян иргэд. Тэд нийгмийн байгуулалтын хувьд онцгой статустай, эрх чөлөөтэй, өөртөө засаглах эрхтэй, хагас цэргийн зохион байгуулалттай хүмүүс юм. Гол зорилго нь Оросын хаант засаг Ижил мөрний дагуу болон сүүлд Сибирь рүү шинээр нээж колончилсон газар нутгуудаа хамгаалуулахын тулд илгээсэн цэргийн зохион байгуулалттай бүлэг хүмүүс гэж үздэг. Оршин суудаг бүсээрээ Запорожийн, Донийн Казакууд гэх мэтээр нэрлэгддэг.

Кубаний казакууд 19 дүгээр зуунд
  • Голланд уу? Нидерланд уу?

Албан ёсны нэр нь Нидерланд. Гэхдээ Голланд гэж дууддаг уламжлал хадгалагдсаар ирсэн. Шалтгаан нь дараах түүхэн үндэстэй.

Нидерланд улс Наполеоны дараа буюу 1830 онд байгуулагдсан. Тэр цагаас Нидерланд гэж нэрлэх болжээ. Нидерланд улсын дотор 12 муж байдгаас хоёрыг нь Хойд Голланд, Өмнөд Голланд гэдэг. Эдгээр мужуудад тус улсын гол том хотууд болох Амстердам, Роттердам, Гааг оршдог юм.

Харин Нидерланд улс байгуулагдахаас өмнө 17 дугаар зуунд Голландчуудын Алтан үе тохиож далайн замууд шинээр нээн, газар зүйн нээлтүүд, колончлолыг өргөнөөр явуулсан түүхтэй. Бүх далайн хөлгүүд нь Голландын эргээс хөдөлдөг байсан тул дэлхий дахинд энэ нэрээрээ алдаршсан юм.