Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оттавагийн төвд цуврал халдлага боллоо

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Оттава хотын цагдаагийн газар лхагва гарагийн өглөө галт зэвсэг ашигласан гурван хэрэг гарсныг шалгаж байна. 

Орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт үл мэдэгдэх этгээд Парламентын ордны ойролцоо байх Оттава хотын Үндэсний цэргийн дурсгалын цогцолборын ойролцоо гал нээн, улмаар парламентын байр руу гүйн, дахин хэдэнтээ бууджээ.

Гэрчүүдийн өгүүлж байгаагаар зэвсэгтэй эр цэргийн дурсгалын цогцолборын хажууд зогсож байгаа цэргийн албан хаагчид руу буудсан байна. Ийнхүү гал нээсний улмаас нэгэн цэрэг шархдаж, улмаар авсан шархаа даалгүй нас барсан тухай Канадын сайд Жейсон Кенни Твиттерт бичжээ.

Түүнчлэн Оттава хотын төв хэсэг дэх “Ридо” худалдааны төвд галт зэвсэг хэрэглэсэн гурав дахь тохиолдол гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Канадын Си-Би-Эс телевизийн мэдээлснээр парламент руу орж гал нээсэн этгээд алагджээ. Эдгээр хэргүүдэд хэд хэдэн хүн оролцсон гэж Канадын захиргаа үзэж байгаа бөгөөд бусад сэжигтнүүдийг хайж байгаа хэмээн цагдаагийнхан Си-Би-Эс сувагт мэдээлсэн байна. 

Одоо Парламентын ордон болон ойролцоох бүсийг аюулгүй байдлыг хангах хүчин бүслэлтэнд оруулаад байгаа гэнэ.

Тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер Парламентын ордныг орхин, аюулгүй газар байгаа хэмээн Канадын телевиз мэдээлжээ.

Түүнчлэн Канадын нутаг дэвсгэр дээрх бүхий л цэргийн баазад гадны хүн орохыг хориглож, харин цэргийн албан хаагчдыг ангийнхаа нутаг дэвсгэрийг орхихгүй байх үүрэг өгсөн байна.