Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өрлөг жанжнаар Бээжингийн гудамжийг гоёмооргүй байна

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

- Нөлөөт толь -

Хаяа тэлэн хөгжих хотын маань хөгжил цэцэглэлтэд Бээжингийн хэмээх шинэ гудамж өнгө нэмж буй нь сайн хэрэг.  

Гэвч хөрөнгөө гаргаагүй юм чинь гээд ажин түжин сууж болмооргүй санагдана. Тодруулж хэлбэл, ямархан өнгө төрх бүхий гудамжийг цогцлоон Монгол Улсад хүлээлгэж өгөх нь нь  хөрөнгө оруулагчдын эрх мэдлийн асуудал хэдий ч утга агуулгын хувьд монгол хүний оюун санаанд нийцэх ёстой болов уу.

Хэтэрхий их эрээн мяраан дээр нүд  гялбан гялалзсан  шаазан ваар бүхий дээвэр туурга болсон дааман хаалганд одоохондоо нэг л дасч өгөхгүй юм.  Ядаж байх нь ээ, луу ороосон баганыг харах бүрийд Бээжингийн төв талбайн арын  музей санаанд орно.  Үнэн хэрэгтээ улаан дэнлүү асаах л тэнд дутаж байна лээ.

Ийм л хийц загвар бүхий гудамжийг  Монголын ард түмний хайртай хүү, залуу жанжин хэмээн алдаршсан Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө  чимэх боллоо.  Ийм байж болох уу. 

Хожмын өдөр үр ач маань биднээс “Ж.Лхагвасүрэн жанжин чинь  Хятадын ардын баатар  юм уу. Тэгээд л  Бээжингийн гудамжийг “хамгаалаад” мөнхийн манаандаа зогсч байгаа юм байна шүү дээ” гэвэл юу хэлэх болж байна аа.

Нөгөөтэйгүүр, жанжны үр ач төрийн энэ гэнэн, тэнэг нь үл мэдэгдэх алхамд бухимдаж суугаа байж  ч мэднэ. Түүнчлэн жилийн жилд Монгол- Оросын Батлан хамгаалах салбарынхан Халхын голын ялалтын их ойг тэмдэглэхдээ зочдоо дагуулан Бээжингийн гудамжийг зорьж, өрлөг жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх хэрэг үү.

Монгол хүн талаасаа ч, цэрэг улс төр талаасаа ч Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө Бээжингийн гудамжинд байх нь зохисгүй явдал.  

Тиймээс газар хөлдөөгүй байгаа дээр жанжныхаа хөшөөний буурийг сэлгэж, сэтгэлд нийцсэн сайхан газар байршуулбал яасан юм бэ, хотын удирдлагуудаа.

Зураг