Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ой тогтоолтоо дэлхийд гайхуулж буй тамирчид

Х.Монголхатан
2014 оны 10 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын оюун ухааны академийн тамирчид оролцсон уралдаан тэмцээн бүртээ амжилт гарган тэргүүн байр эзлэн, дэлхийн дээд амжилтыг эвдэж байгаа.

Хамгийн сүүлд өнгөрсөн сард Хонконгийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд дунд насны 10 орны 72 тамирчин бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөхөд манай тамирчид дунд насны ангилалд дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоож, багийн дүнгээр тэргүүлсэн билээ.

Дунд насны ангилалд өрсөлдсөн найман тамирчин 10 төрлийн 30 медалиас 28 медаль хүртсэн нь өндөр амжилт юм. Дунд насны ангилалд дэлхийн дээд амжилтын 80 хувийг монголчууд эзэмшиж байна гэдэг бахархмаар. Залуу үеийнхэндээ үлгэр дууриал болсон ой тогтоолтын аваргуудаас төлөөлөл болгон дунд насны ангилалд дэлхийн дээд амжилтыг эвдсэн Э.Пүрэвжав, хүрэл медаль хүртсэн Н.Түвшинтөгс нартай ярилцлаа.

Н.Түвшинтөгс: БИ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

ШУТИС-ийн лицейн 10е ангийн сурагч, Монголын оюун ухааны академийн тамирчин Н.Түвшинтөгс 14 настай. Анх удаа олон улсын тэмцээнд оролцож дөрвөн мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртэн 4130 оноогоор дунд насны ангилалд гуравдугаар байр эзэлжээ. Тэрээр Монголын спорт өрөлтийн багийн шилдэг тамирчин юм байна.

-Олон улсын тэмцээнд оролцоход хариуцлагатай ч сайхан байх. Хэцүү зүйл байв уу?

-Би Оюун ухааны академид суралцаад жил гаруй болж байна. Анх удаа Хон Конгд болсон олон улсын нээлттэй тэмцээнд оролцсон. Хоёр өдөр үргэлжилсэн. Эхний өдөр надаас бусад бүх хүүхэд медаль авахад жаахан урам хугарч байсан. Харин маргааш нь тэмцээнүүддээ жигд оролцож таван медаль авч гуравдугаар байрт орсондоо баяртай байна.

-Цаашид олон тэмцээн хүлээж байгаа. Ямар амжилт гаргахыг хүсч байна?

-Одоо бэлтгэлээ сайн хийж байгаад арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хайнан аралд болох 23 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Дэлхийн аварга болох мөрөөдөлтэй байна.

-Ой тогтоолтын спортын сонирхолтой зүйл нь юу вэ?

-Энэ спортыг эзэмшсэнээр оюун ухаан хөгжиж, хичээл сурлагад ч сайнаар нөлөөлнө. Цээжлэх арга барил сурчихвал ерөнхий эрдмийн хичээл илүү амархан болдог юм байна. Сэтгэн бодох чадвар хөгжиж байгаа учраас аливаа зүйлийг ойлгож, тогтооход асуудалгүй болсон.

-Медаль аваад зогсч байхад юу бодогддог юм байна?

-Монголынхоо нэрийг гаргаад зогсч байхад их бахархалтай санагдсан. Монголчууд ийм оюун ухааны чадвартай, монгол хүүхдүүд ийм мундаг гэдгийг харуулах сайхан байсан.

-Үеийн найзууддаа юу гэж хэлэх вэ?

-Оюун ухаанаа заавал хөгжүүлээрэй, үр дүн нь гарна. Ой тогтоолтын спортоор хүссэн хүн бүр хичээллэх боломжтой. Хүний бие хөгшрөхөөс, тархи хөгширдөггүй гэдэг. Илүү мэдлэг боловсролтой болоход хамгийн чухал спорт шүү гэж хэлмээр байна.

 

Э.Пүрэвжав: ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ЭЗЭМШИЖ ЧАДСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

Монголын оюун ухааны академийн тамирчин, Лаборатори Нэгдүгээр дунд сургуулийн 10е ангийн сурагч Э.Пүрэвжав 15 настай. Анх удаа олон улсын тэмцээнд оролцохдоо нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, 3992 оноогоор дунд насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлжээ. Үг цээжилдэг төрлөөр дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Э.Пүрэвжав Монголын Спорт Өрөлтийн багийн шилдэг тамирчин юм.

-Ой тогтоолтоор хичээллээд удаж байна уу?

-Анх аав минь намайг Оюун ухааны академийн сургалтад суухыг зөвлөсөн. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхлэн хичээллэж байна. Сонирхолтой санагдаад тамирчны төрлүүдийг сурч, тэмцээнд бэлтгэж эхэлсэн.

-Анх удаа олон улсын тэмцээнд оролцохдоо сандарсан уу. Бэлтгэл хэр байв?

-Эхний төрлүүдэд оролцож байхад нэлээд их сандарсан. Сандрахаар юмаа цээжилж чаддаггүй юм билээ. Сүүлдээ тайвшраад, сонирхолтой болсон.

Үг цээжилдэг төрөл сонирхолтой. 15 минутад хэр олон үгийг зөв цээжлэхээрээ өрсөлддөг. Нэг л үгний үсэг алдахад тэр үгийг хасдаг. Тэгээд хамгийн олон үг цээжилж дэлхийн рекорд эзэмшиж чадсандаа баяртай байна.

-Ямар аргаар олон үгийг хурдан цээжилдэг юм бэ?

-Үг цээжлэх арга байдаг. Эхний үгийг дараагийн үгтэй холбох, төсөөлж үлгэр маягаар үргэлжлүүлэх зэргээр цээжилдэг.

-Бугсад орны оролцогчид ямар санагдсан. Хэр өрсөлдөгчид байв?

-Мэдээж оролцогчид бүгд бэлтгэл сайтай сайн хүүхдүүд байсан. Гэхдээ монголчууд нэлээд дээгүүр бичигддэг юм билээ.

-Дараагийн тэмцээн хаана болох вэ?

-Одоо арванхоёрдугаар сард Хайнанд болох дэлхийн аваргад бэлтгэж эхэлсэн. Тамирчдаа бэлддэг “Мега майнд” клубтэй. Илүү амжилт үзүүлэхийн тулд хичээж байна. Дунд насны ангилалд өрсөлдсөн тамирчдаа уйгагүй бэлтгэж, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг Б.Баасандорж багшдаа баярлалаа.

-Олон улсын тэмцээнд оролцоход зардлыг нь хэн гардаг юм бэ?

-Биднийг ивээн тэтгэж, тэмцээнд явуулдаг байгууллага, хувь хүн байдаггүй. Зардлаа хувиасаа, аав ээж маань л гаргадаг.

-Тэмцээнд оролцоод ирэхэд чинь ангийнхан болон найзууд нь хэрхэн хандаж байна. Ингэхэд чи хэд сурдаг вэ?

-Гоц гойд биш бусад хүүхдийн адил суралцдаг. Гэхдээ юм цээжлэх зүйлдээ арай илүү хурдан. Сая тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд бүгд хүндэтгэж харьцдаг болсон санагдсан.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-12 аяга тусгай дарааллын дагуу өрж буулгадаг “'Спийд стэйкс” спортоор хичээллэдэг.

-Мэргэжлээ сонгосон уу?

-Би ой тогтоолтын спортоороо хичээллэхээс гадна хуульч юм уу, эмч болно.

Зураг