Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ Украйнаас жимс, хүнсний ногоо оруулахыг хориглов

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Орос улс Украйнаас ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортлох, дамжуулан тээвэрлэхийг хоригложээ.

Мал эмнэлэг, хүнсний эрүүл ахуйн хяналтын холбооны албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Орос руу нийлүүлж буй Украйны ургамлын гаралтай бүтээгдэхүүнд Украйны захиргааны зүгээс хангалттай баталгаа гаргаж өгөөгүй учраас ийнхүү бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргасан хэмээжээ.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүний холбогдох баримт бичгүүд аравдугаар сарын 21-ний дотор ирэх ёстой байсан гэнэ.

Түүнчлэн Оросын хориг арга хэмжээнд өртсөн Европын холбооны бүтээгдэхүүн Украйнаар дамжин орж ирж байгаа гэж Орос улс сэжиглэж байгаа юм байна.

“Гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүний нийлүүлэлт нь олон улсын худалдааны зарчим төдийгүй Гаалийн холбоо, Оросын хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг” хэмээн Оросын мал эмнэлэг, хүнсний эрүүл ахуйн хяналтын газрын мэдэгдэлд дурдсан байна.

Өмнө нь мөн Украйнаас жимсний шүүс, сүүн болон бяслагны төрлийн бүтээгдэхүүн, чихэр, загасан бүтээгдэхүүн, зарим төрлийн согтууруулах ундаа оруулахыг хориглоод байсан юм. Харин энэ үйлдлийг Украйны захиргаа буруутгаж, Украйны бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хориглож байгаа нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж байгаа хэрэг хэмээн үзээд энэхүү байгууллагаар дамжуулан асуудлыг шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байв.



Орос улс Украйны хувьд экспортын гол түншүүдийн нэг юм. 2013 онд Украйны талаас ОХУ- руу хийсэн нийлүүлэлт 24%-тай байсан бол Украйны зах зээлд эзлэх Оросын экспортын хэмжээ ердөө 4,5-6% байлаа.  

Энд дуулгахад наймдугаар сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэн орнууд болох АНУ, Канад, Австрали, Норвеги болон Европын холбооны улс орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг Орос руу нийлүүлэхийг нэг жилийн хугацаатайгаар хориглох, хязгаарлах тушаалд гарын үсэг зурсан юм.