Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан зарлагдлаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Хүмүүн бичиг” сониноос уламжлан зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 18 дахь жилдээ болох гэж байна. Уралдааны материалыг аравдугаар сарын нэгнээс арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм байна.

Тус уралдаанаар 

  • 1-7-р ангийн сурагчдын,
  • 8-11-р ангийн сурагчдын,
  • 12-р ангийн сурагчдын,
  • Мэргэжлийн багш нарын,
  • Насанд хүрэгчдийн,
  • Уран бичлэг, уран бүтээлийн гэсэн 6 ангилалд шилдэгийг тодруулах аж.

Уралдааны дүн 2015 оны нэгдүгээр сард гарч, байр эзэлсэн оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд шагналыг гардуулах юм байна

Энэ жилийн уралдааны онцлог нь тэргүүн байр эзэлсэн гурван оролцогчийг хилийн чанадад аялуулах, төгсөх ангийн дөрвөн сурагчийг Засгийн газрын зуун хувийн тэтгэлэгтэйгээр МУИС, МУБИС-д монгол хэл, эх бичиг судлалын мэргэжлээр суралцах боломжийг олгож байгаа.

МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал, гавъяат багш Ц.Өнөрбаян “Энэ уралдааны зохион байгуулалт улам сайжирсан.

Мөн энэ уралдааны шүүлт хамгийн шударга, ил тод явагддаг онцлогтой.

Ер нь монгол бичгээ судална гэдэг бол Монгол хүн өмчөө хайрлан хамгаалж байгаа явдал юм” гэв.

Өнгөрсөн жилийн уралдаанд уран бүтээлчдийн төрөлд тэргүүн байр эзэлсэн зураач, уран бичээч Ц.Бямбажав уралдааны онцлогийн талаар “Би монгол бичгийг хүүхэд байхдаа бие дааж сурсан.

Зурагтаар Ш.Чоймаа багшийн монгол бичгийн хичээлийг үздэг байсан.

Энэ уралдаанд 1999 оноос хойш гурван удаа оролцохдоо нэг удаа түрүүлж, нэг удаа гуравдугаар байранд орсон. Уран бүтээлчдийн төрөл өрсөлдөөн ихтэй.

Энэ төрлийн гол онцлог нь уран бүтээл тал руугаа их харж, бүтээлийн зохиомжоор нь үнэлдэг” гэлээ.

2013 онд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлж ЗГ-ын зуун хувийн тэтгэлгээр МУИС-д суралцаж буй оюутан Э.Жаргалдулам эх бичиг сурахын ач холбогдлын талаар “Монгол бичгийн ач холбогдол нь үгээ зөв бичихээс эхлээд сууж сурах, хувь хүний хөгжилд их сайнаар нөлөөлдөг. Мөн цаашлаад өөрийгөө зөв илэрхийлэх чадвар суулгаж, сэтгэхүйг задалдаг гэж би боддог.

Миний хувьд энэ уралдаанд 2008 оноос эхэлж оролцсон. 2010 онд төгсөх ангийн сурагч байхдаа цэвэр бичгийн төрөлд түрүүлээд МУИС-ийн Монгол хэл, бичин судлалын дөрөвдүгээр ангид суралцаж байгаа.

Эх бичгээ хүн болгонд зааж сургахыг хүсдэг. Мөн хүн бүр сурахыг хичээж, Монгол бичгээрээ бичиж чаддаг болоосой гэж хүсэж байна” гэв.