Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Ж.Отгонмягмар
2014 оны 10 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Хүнд даацын том оврын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна. Энэ талаар нийслэлийн ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Л. Ундармаагаас тодрууллаа.

-Хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 тоот захирамжийн дагуу жил бүрийн гуравдугаар сарын 20-оос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үед хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарладаг.

Тодруулбал, Улаан­баатар хотын авто замын сүл­жээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөв­шөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй автотээврийн хэ­рэг­сэлд 18 тн, гурван тэнхлэг­тэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг.

-Энэхүү хязгаарлалтад аль, аль  замууд хамрагдаж байгаа вэ?

-Хязгаарлалтад хамрагдах гудамж зам нь 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Яармагийн товчооноос дотогш замууд хамаарна.

Тиймээс хүнд даацын ачааны автомашинтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд захирамжийг дагаж мөрдөх хэрэгтэй.  Хэрэв журмыг дагаж  мөрдөөгүй бол захиргааны арга хэмжээ авна гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Өнөөдөр зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан танай байгууллагаас ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

-Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр болно энэ өдрийг угтаж цагдаагийн байгууллагын алба хаагчид осол орсон иргэдэд цусаа хан­дивлах хүмүүнлэгийн ажилд өнөөдөр /өчигдөр/ нэгд­лээ. Энэ үеэр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвөөс цусаа хандивласан цагдаагийн байгууллагад талархал гардуулсан.

Түүнчлэн маргааш /өнөөдөр/ “Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр” -ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд өдөрлөг зохиох гэж байгаа. Уг арга хэмжээ 11.30 цагт нээлтээ хийж 13.00 цаг хүртэл арга хэмжээ үргэлжилнэ.

-Осолд тээврийн хэрэгс­лүүдийг иргэдэд харуулсан цувааг зохион байгуулана гэсэн үү?

-Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгс­лүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршгийг иргэдэд харуулсан цувааг 10:00 цагаас Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулна.

Тус цуваанд Хархорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж Драгон төв хүртэл жагсч, Драгон төв дээр очиж байрлана. Түүнчлэн Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэл­гэн харуулах болно.

Энэ арга хэмжээ 13:00 цагт Драгон төв дээр өндөрлөөд тэндээс осолд орж эвдэрсэн автомашинуудыг ачсан ачигч автомашины цуваа Энхтайваны өргөн чөлөөгөөр Бага тойруу хүртэл олон нийтэд зам тээврийн осол хэргийн хор уршгийг харуулан явах төлөвлөгөөтэй байгаа.

Зураг