Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймгийн гурван сумыг найдвартай эрчим хүчээр хангалаа

Ж.Отгонмягмар
2014 оны 10 сарын 22
Монголын мэдээ

- Монгол Улсын түүхэнд нэг өдөр гурван сум цахилгаанд холбогдсон түүх байхгүй-

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан гэсэн гурван сум нэг өдөр нэгэн зэрэг 24 цагийн төвийн эрчим хүчинд холбогдлоо.

Мэдээж хөдөө орон нутаг хөгжих, төрийн үйлчилгээг ард түмэнд шуурхай хүргэхэд хамгийн хэрэгцээтэй зүйл бол цахилгаан, эрчим хүч гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Баянлиг” дэд станцын өргөтгөл, Баянлиг-Шинэжинст сумын хооронд 127 км 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/15 кВ-ын 630 кВа чадалтай “Шинэжинст” дэд станцын барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дуусаад ашиглалтад орсон юм.

Даваа гарагт болсон нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Уул уурхай, эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Д.Ганбат: Х.Баттулга гишүүн бид хоёрын амлалт өнөөдөр биеллээ оллоо

/УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга/

-2012 онд Х.Баттулга гишүүн бид хоёр, орон нутгийн сонгуулиар аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ бид энэхүү бүтээн байгуулалтын ажлын талаар яриад явж байсныг та бүхэн санаж байгаа байх. “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэж  ярьж, хэлж байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү ажлын хүрээнд хийгдэж байгаа нэгэн том ажлын биелэл энэ болж байна. Өмнө нь эрчим хүчтэй болох ажил хариуцлагагүй нөхдүүдээс болоод нэлээн хугацаа алдсан.

Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар, Эрчим хүчний яам, “Виваланд” ХХК хамтран өнгөрсөн найм­дугаар сараас ажлаа эхлүүлээд, иргэдээ цахилгаантай болгох ажлыг хийж, бүтээж чадлаа.

Монгол Улсын болоод Баян­хонгор аймгийн түүхэнд нэг өдөр гурван сум цахилгаанд холбогдсон түүх байхгүй. Түүхэнд тодоор бичигдэх энэхүү ажлыг хийх болсон гол шалтгаан нь XXI зуун гарсаар 14 жил болчихсон байхад төвийн цахилгаанд холбогдоогүй цөөхөн хэдхэн газруудын нэг нь манай Баянхонгор аймгийн гурван сум байсан. Тиймээс ч дээрх  сумдын иргэдийг цахилгаантай болгож өгнө гэдгийг Х.Баттулга гишүүн бид хоёр амлаад өнөөдөр биелэлээ олж байна” гэв. ...

Уг нь дээрх сумдууд  4-5 жилийн өмнө цахилгаанд холбогдох ёстой байсан аж. Учир нь “Ойгон нуур" компани 2012 онд төрөөс зарласан тендерт оролцсон ч гэрээнд заасан үүргээ гүйцэтгэдэггүй гэнэ. Тус компани шаардлагатай санхүүжилтийг өөр зориулалтаар хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Тиймээс Д.Ганбат, Х.Баттулга гишүүд Төрийн өмчийн хороотой тохиролцож гурван сумыг эрчим хүчтэй болгох ажилд шаардагдах санхүүжилтийг урьдчилан гаргуулж хийжээ.

Дараа нь санхүүжилтийн мөнгийг эргүүлэн төлнө гэдгийг Д.Ганбат гишүүн нээлтийн үеэр онцолсон юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус аймагт энэ мэт олон бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байгаа. Хоёр ч шинэ сумыг барьж байгуулсан, гурван сум төвийн эрчим хүчинд холбогдсон гээд олон зүйлийг хийж бүтээж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын гишүүдэд энэ үеэр дуулгалаа.

Б.Бат-Эрдэнэ: Цахилгаан бол  сум, орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой  

/Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга/

-Манай сум 35/15 кВ-ын төвийн эрчим хүчинд холбогдох нөр их ажлыг хийж гүйцэтгээд ашиглалтад орох нээлтийн үйл ажиллагаа болж байгаад баяртай байна. 127 км буюу гурван сумыг хамарсан энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын түүхэнд урд өмнө нь байгаагүй  бүтээн байгуулалт болж байгаа. Энэхүү бүтээн байгуулалтад хамгийн чухал  үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, УУЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар болон энэхүү ажлыг гардан хийсэн “Виваланд” ХХК-ын н.Баттогтох гээд бүх гар бие оролцсон  хүмүүст  Жинсчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлаж байгаагаа хэлмээр байна.

Хүүхэд багачууд маань ч интернэтээр аялж, дэлхий ертөнцтэй холбогдож, иргэд төр Засгийн үйлчилгээг түргэн шуурхай авч, оролцдог боллоо.

Энэ ажил хийгдэж байх хугацаанд “Виваланд” ХХК-ынхан зориг нь мохоод явах бол явчих хугацаа байсан. Гэсэн хэдий ч зорилгоосоо буцахгүй энэ  ажлыг хийж гүйцэтгэсэн хамт олонд  баярлаж байгаагаа дахин хэлмээр байна. Гэрэл, цахилгаан гэдэг бол хүний болоод сум орон нутгийн  маш том хөгжил байдаг. Тиймээс ч цахилгаантай болчихвол олон зүйлийг хийж бүтээнэ гэсэн төлөвлөгөөтэй иргэд олон байна. Энэ утгаараа манай сумын жижиг дунд үйлдвэр сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа. Хүүхэд багачууд маань ч интернэтээр аялж, дэлхий ертөнцтэй холбогдож, иргэд төр Засгийн үйлчилгээг түргэн шуурхай авч, оролцдог болно гэдэг бол бидний маш том давуу тал болж буй хэрэг.

Тус сумын иргэд цахилгаантай болохыг тэсэн ядан хүлээж байсныг нутгийн иргэд хэлж байсан юм. Төвийн эрчим хүчинд холбогдвол хийхээр бэлтгэсэн зүйлүүдээ төлөвлөчихсөн, ца­хил­гаан хэрэгсэлүүдээ худалдаж аваад бэлтгэчихсэн гэдгээ хэлж байлаа.

Харин тус сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Г.Хүрэлбаатар “Манай орон нутагт эрчим хүчтэй болсноор олон давуу тал  бий болно. Тухайлбал, манай цагдаагийн байгууллага Иргэдийн төлөөлөгчийн хурлаар оруулж орон нутаг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн камерын асуудлыг шийдүүлсэн. 15 сая төгрөгийн санхүүжилтээр тавигдсан чиглэлийн буюу эргэдэг камеруудын ач тусыг цахилгаангүй байсан учир нутгийн иргэд сайн мэдрээгүй байгаа.

Харин одоо эрчим хүчтэй холбогдсон учир гудамж талбайд ил үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, захиргааны зөрчлийг таслан зогсоох бүрэн боломжтой болсон”гэв. Тиймээс Шинэжинст сумын иргэд эрчим хүчтэй холбогдож дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахаас гадна аюулгүй амьдрах орчин ч мөн бүрдэж байгаа юм байна.

Баян-Өндөр сум нь Монгол Улсын нэлээн алслагдсан сумдын нэг. Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймгийн баруун захын сум юм. Тус суманд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн гол бэрхшээл нь мэдээж цахилгааны асуудал байсан гэдгийг нутгийн иргэд хэлж байсан юм.

Б.Идэрмөнх: Цахилгаантай болгож өгсөн бүх хүмүүст баярлалаа

/Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга/

-Бид цахилгаантай болсноор олон иргэдийн амьжиргааны төвшин дээшилнэ гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хязгаарлагдмал байдаг байсан. Учир нь үүний гол хөдөлгөгч хүч нь цахилгаан эрчим хүч байдаг юм билээ. Харин одоо төвийн эрчим хүчтэй холбогдож 24 цагийн гэрэл цахилгаантай болсон учир олон иргэдийн бизнесийн үүд хаалга нээгдэж байна. 2002 оноос хойш судалгаа хийж үзэхэд манай сумаас шилжиж буй иргэд жил 50 орчим, шилжин ирсэн нь ч 50 дотор л байдаг. Харин ч хүн амын тоо жил ирэх тусам өсч байна.

Тиймээс ч сум хөгжүүлэх сангийн мөнгө болох 150 сая төгрөгийг төсөл сонгон шалгаруулах маягаар иргэддээ өгч байгаа. Төсөл сонгон шалгаруулах хурлаар оруулан нарийн шүүлтүүрээр шүүдэг учир манай сумын жижиг дунд үйлдвэрийн зээл маш амжиллтай эргэн төлөгдөж байна.Тиймээс одоо цахилгаан эрчим хүчтэй болсон юм чинь уг ажил улам амжилттай хэрэгжих байх гэж найдаж байгаа. Тиймээс цахилгаан гэх сайн сайхантай холбож өгсөн бүх хүмүүст баярлалаа. Бид бүхний итгэлийг алдахгүй ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нартаа үнэхээр их талархаж байгаагаа сумын нийт иргэдийн өмнөөс илэрхийлмээр байна.

...Ийнхүү тус сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд цахилгаантай болсноор ажлын бүтээмж нь сайжрах бүрэн боломж нээгдлээ. Тус сумын иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Ц.Идэрмөнх “Би сум хөгжүүлэх сангаас гурван жилийн өмнө долоон сая төгрөгийн зээл авсан. Улмаар авто засварын газар нээж эхнэртэйгээ ажиллуулсан. Ма­шин засвар, цахилгаан гагнуур хийх гээд гагнуураар хийж болох бүх л юмыг хийдэг. Эрчим хүчтэй холбогдох сургаар өртөг өндөртэй олон ч багаж хэрэгсэл авч бэлдсэн.

Гэсэн хэдий ч уг ажил удааширсан учир хэрэглэж чадахгүй зөвхөн мотор ажиллуулан бүх зүйлээ хийдэг байлаа. Цахилгаан хязгаарлалттай, хүч муутай учир цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжөө ашиглаж чаддаггүй байлаа. Харин хүчин чадал өндөртэй цахилгаан эрчим хүчтэй болсон учир маш их баяртай байна. Тиймээс нийт ард түмнийхээ өмнөөс тог цахилгаантай болгож өгсөн хүмүүстэй баярлалаа” хэмээжээ.

Д.Энхтөр: Цахилгаанаар хангах боломжгүй газарт манай сум ордог байсан

/Баянцагаан сумын Засаг дарга/

-Баянцагаан суманд олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Гэхдээ хамгийн баяртай нь буюу нэгдүгээрт гэж хэлж болох үйл явдал бол төвлөрсөн эрчим хүчинд холбогдож байгаа явдал юм. Шинжлэх ухаан техник технологи хөгжиж буй XXI зуунд бид эрчим хүчний найдвартай төвлөрсөн эрчим хүчинд холбогдоогүй, сэргээгдэх эр­чим хүчээр ард иргэдийг хязгаарлалттай хангаж байсан.

Цахилгаан дагаад хөгжил ирнэ гэдэгт найдаж байгаа. Хэдхэн жилийн өмнө манай сум Монгол Улсын төвийн цахилгаан эрчим хүчинд холбох боломжгүй хэмээн улаанаар тэмдэглэгдсэн газрын сумын тоонд “цохиж” явсан. Гэтэл олон саад бэрхшээлийг даван туулж биднийг найдвартай эрчим хүчтэй холбож өгсөнд баяртай байна.

Зураг