Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эсрэг үгсэн хуйвалдааныг Хятадууд ил болгожээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

10 дугаар сард дэлхийн газрын тосны үнэ эрс унасан нь шинжээчдийн дунд маш олон асуулт, таамаглалыг төрүүлээд байна.

Хятадын “Жэнминь жибао” сонины сэтгүүлчдийн үзэж байгаагаар газрын тосны үнийн уналт зөвхөн зах зээлийн хүчин зүйлүүдээс төдийгүй, бусад чухал нөхцөл байдлын улмаас үүдэлтэй гэнэ. 

Нийтлэлийн зохиогчдын онцолж байгаагаар 2008 оны санхүүгийн хямралын дараах нөхцөлд зөвхөн АНУ л зарим тал дээр сэргэж байгаа нь харагдсан, харин бусад орнууд тэр дундаа Европын орны эдийн засаг урьдын адил уналттай хэвээр байгаа гэнэ. Европ “сэхэж” чадаагүйн дээр харин ч эсрэгээрээ дахин нэг хямралд оржээ.

Түүний зэрэгцээ практикаас харахад мөнгө зээлийн бодлогын хэрэглэгдэхүүнүүд Европын эдийн засгийг сэргэхэд нөлөөлөх чадваргүй болжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр орнууд эрчим хүчний үнийг бууруулах замаар зардлаа танана гэж тооцоолж байгаа юм. 

Хятадын сэтгүүлчдийн бичснээр ийнхүү газрын тосны үнэ унасан нь зөвхөн зах зээлийн нөхцөлтэй төдийгүй өөр ч бусад шалтгаантай гэдгийг дээр өгүүлсэн. Тэдний үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд үүссэн геополитикийн нөхцөл байдал бөгөөд үүнд нөлөөлөхийн тулд газрын тосны зах зээлийг ашиглаж байгаа гэнэ.

Иран болон Оросыг Барууны орнууд дайсан мэтээр үздэг, тиймээс л ОПЕК-оос дэмжлэг авсан Баруун газрын тосыг геополитикийн зорилгодоо ашиглаж эхлэж байгаа нь энэ. АНУ болон Саудын Араб газрын тосоо маш бага, баррель тутамд нь 50-60 ам.доллараар Ази, Хойд Америкт худалдахаар төлөвлөж байгаа гэнэ.

Түүний зэрэгцээ газрын тосны үнэ унаж байгаа энэ үед Саудын Араб цаашид ч өртгийг бууруулах хүсэлтэй байгаа. Тэгэхээр өнөөгийн хүрсэн үнэ энэ улсын үйлдвэрлэлийн өөрийн өртөгийн хамгийн доод түвшинд очсон гэсэн үг биш гэдгийг харуулж байна. Энэ нөхцөлд нэг асуулт гарч ирнэ. Газрын тосны зах зээлийн уналтыг санаачлагчид олборлолтын өөрийн өртөгөөс буулгачихгүйхэн шиг ямар хэмжээнд хүртэл үнийг дарамтлах бол? 

Дээр өгүүлсэн баррель тутамд нь 50-60 ам.доллар гэсэн үнэ бодит байдалд нийцэхгүй л болов уу.

Goldman Sachs –ийн шинжээчдийн үзэж байгаагаар Brent маркийн түүхий газрын тос баррель тутамдаа 85 ам.доллар хүрсэн нь занарын газрын тосны өөрийн өртөгийн хязгаар гэнэ.

Харин Саудын Арабын газрын тосны тухайд гэвэл Цагаан ордны  түшмэл байсан Bob McNally-ийн мэдэгдснээр үнэ 80 ам.доллар болтлоо уналаа ч Саудын Арабын хувьд багахан хохирол амсах гэнэ. 

Зах зээлээс Орос, Ираныг шахаж, мөн шийтгэх гэсэн зорилготой АНУ болон Саудын Арабын газрын тосны эвсэл нэг их удаан оршин тогтнохгүй л болов уу. Учир нь тэдний хувьд “тэвчээрийн хязгаар” нь өөр өөр. 

Занарын газрын тосны олборлолтын технологи байнга өөрчлөгдөж байгаа гэдгийг нь харгалзан үзвэл АНУ тун удахгүй баррелийн өөрийн өртөгийг 85 ам.доллараас ч бага болгож мэднэ. Магадгүй, жил хоёр жилийн дараа Америкийн компаниуд муугүй ашигтайгаар баррель газрын тосыг 70 ам.доллар түүнээс ч бага үнээр зарж мэдэх юм. 

Гэхдээ зах зээлийн ийм дайралтанд Саудын Араб бэлэн байгаа гэдэг нь эргэлзээтэй. ОУВС-гийн тооцоолсноор 2014 онд газрын тосны үнийг баррель тутамд нь дундаж үнэ нь 86,1 ам.доллар байсан нөхцөлд энэ улсын төсөв хомсдолгүй байх тооцоо гарчээ. Энэ улсын газрын тосны олборлолт нэг их хүнд ажиллагаатай биш, тэглээ  ч Саудын Арабын  газрын тосны олборлолтын өөрийн өртөгийг бууруулах хэмжээний нөөц бага.

Түүнээс гадна Саудын ханхүү Аль-Валид ибн Талал вант улсын Газрын тоосны яамны тэргүүн Али аль-Наими болон бусад сайд нарт хандан нээлттэй захидал илгээн, газрын тосны өртөг болон эрэлт буурсаар байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Ханхүүгийн өгүүлснээр газрын тос нь вант улсын экспортын гол бүтээгдэхүүн, төсвийг бүрдүүлэх гол эх үүсвэр гэнэ. 

Тэгэхээр Америк-Арабын газрын тосны эвсэл тун удахгүй зөрчилдөөнтэй тулгарч мэдэх нь. Саудын Араб газрын тосны үнэ нь баррель тутамдаа 80 ам.доллараас бага болсон нөхцөлд давж гарахад бэлэн байгаа гэдэг нь юу л бол. Энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт эвслийн гишүүдийн ашиг сонирхол зөрчилдөнө гэсэн үг.

Төсвөө хүндрүүлэхгүйн тулд Саудчууд ОПЕК-ийн гишүүдээс тусламж хүсэн, дэлхийн газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтыг багасгах арга зам хэрэглэнэ. Үүний дүнд газрын тосны үнэ баррель тутамдаа 80-85 ам.долларт хэлбэлзэн, багагүй хугацааг үдэх байх.

Харин Оросын тухайд гэвэл Америк-Арабын “үгсэн хуйвалдаан”-ы үр дүн бараг л гарахгүй. Өнөөгийн үнийн түвшин төсвийг эргэж харахад хүргэнэ үү гэхээс, эргэж буцаах аргагүй эдийн засгийн үр дагаварт хүргэхгүй гэж шинжээчид үзэж байна.