Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэнхийн төвийн барилга БАЛГАС болох зуур...

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өөрийнх нь байр БАЛГАС болж, хувийн эмнэлэг бараадан үйл ажиллагаа явуулж байсан ч түрээсээ төлж дийлэхгүй "ХӨӨГДӨН", ГССҮТ-ийн нэгэн тасаг болоод буй улсдаа ганц гэгдэх Түлэнхийн төвийн талаар сурвалжиллаа.

Түлэнхийн төвийн барилгыг 2011 онд акталсан бөгөөд албан ёсоор нурааж ч амжаагүй байхад тус онд эхэлж байсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгийн газрын шинэ байр ашиглалтад орж энэ сарын сүүлээр албан ёсны нээлтээ хийх гэж байна.

Энэ мэтчилэн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүд он дараалан шинээр сүндэрлэсэн том том байрандаа орсоор байхад өнөөх Түлэнхийн төвийн барилга балгас болтлоо тоногдсоноос өөр өөрчлөлт орсонгүй.

 

Эрүүл мэндийн яамны зүгээс 26 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Түлэнхийн төвийн барилга царцаагдсан барилгуудын тоонд орсон бөгөөд 2015 оны төсөвт шинэ барилгын хөрөнгийг багтаахаар төлөвлөж байгаагаа мэдээлж буй.

ГССҮТ-д байрлаж буй Түлэнхийн тасагт одоогийн байдлаар өдөрт 20-60 хүн үйлчлүүлж байгаа бөгөөд 30-40 хувь нь хэвтэн эмчлүүлдэг байна.  Одоохондоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ч арваннэгдүгээр сар гараад хөлдөж, осгосон хүмүүс ирэхээр ачаалал ихэсдэг талаар тус тасгийн эрхлэгч нь хэлж байгаа юм.

Арваннэгдүгээр сар гараад хөлдөж, осгосон хүмүүс ирэхээр ачаалал ихэсдэг.

“Мөнгөн гүүр эмнэлэг дээр үйл ажиллагаа явуулж байх үед 70 орчим ажилтантай байсан. Наашаа ирэхдээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын 80 ортой тасаг болсон.

Тиймээс хүлээн авах болон, мэс заслын тасаг руу эмч сувилагч нар шилжиж одоогоор 45 эмч сувилагчтай ажиллаж байна” хэмээн тус тасгийн эрхлэгч Э.Галбадрах хэллээ.

Нэр нь л Түлэнхийн төв болохоос тус төвд түлэнхийгээс гадна мөн л улсад ганц тооцогдох дараах эмчилгээнүүдийг хийдэг. Үүнд:

  • Хөлдөлт, осголтын үеийн эмчилгээ
     
  • Удаан хугацаагаар хэвтэрт байж арьс нь цоорсон өвчтөнүүдийн нөхөн сэргээх эмчилгээ
     
  • Арьсны халдваруудын дараа гардаг арьс, зөөлөн эдийн том хэмжээний дутмагшил
     
  • Сахарын өвчний үед үүсдэг шархны эмчилгээнүүд
     
  • Гэмтлийн дараах арьс, зөөлөн эдийн дутмагшил гэх мэт арьсны том дипекттэй холбоотой бүхий л тохиолдол зэрэг багтаж байна.

Түлэнхийн тасаг бүхэл бүтэн эмнэлэг байхдаа ч ачаалал ихтэй байдаг байлаа. 

Харин эмнэлэгийг тасаг болтол нь жижигрүүлж  үргэлж хөл бужигнаан ихтэй ГССҮТ-ийн ачааг нэмсэн эмнэлэгийн барилга сураггүй байхад манай эрх мэдэлтнүүдийн захиргааны зардлыг улам л тэлэх данхар данхар дүүргийн ордон яг хугацаандаа сүндэрлэх нь гайхалтай.