Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын албан хаагчдын 91 хувь нь зориулалтын хувцсаар хангагджээ

ikon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

- “Бүтээн байгуулалтын цаг”-аар ОБЕГ-аас мэдээлэл өглөө - 

Сүүлийн хоёр жил онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн 11,6 хувийг, барилга байгууламжийн 14 хувийг шинэчилж, нийт албан хаагчдын 91 хувь нь зориулалтын хувцас хэрэглэлээр хангагдлаа.

Аврах гал унтраах 8 ангийн барилга болон улсын нөөцийн механикжсан агуулахын барилга баригдаж байна. Болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд зарлан мэдээлэх орчин үеийн систем нэвтрүүлж,  аврах ажиллагааны техник хэрэгсэлдээ парк шинэчлэл хийсэн нь манай салбарт томоохон дэвшил авчирлаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж хэлж байв.

Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг болзошгүй аюулын үеийн зарлан мэдээллийг өмнө нь утсан холбоогоор дамжуулдаг байсан бол ОБЕГ-ын дэргэд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-ийг ашиглалтад оруулснаар дуут дохиолол, телевиз, радиогоор ард иргэдэд богино хугацаанд анхааруулах нөхцөл бүрджээ.

Онцгой байдлын албаны хэмжээнд 530-аад техник хэрэгсэл ашиглаж байгаагийн дийлэнх нь 40-45 жил ашиглагдсан, элэгдэж хоцрогдсон. Тэгвэл одоо гал сөнөөгч, аврагчдад бүрэн тоноглолтой автомашин, квош, аль ч улиралд, байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завь зэргийг ашиглаж байна.

Эхний ээлжинд хамгийн эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг ийнхүү сайжруулсан, энэ шинэчлэлийг цаашид үе шаттай үргэлжлүүлнэ гэж ОБЕГ-ын удирдлагууд хэллээ.

Онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирснаар сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан 7558 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 2791 хүний амь нас, 38 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.