Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн олон нүүдэллэсэн нийслэл

Б.Барс
2014 оны 10 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Туул голын хөвөөнд, Богд уулын хормойд манай улсын нийслэл Улаанбаатар хот далайн төвшнөөс дээш 1350 метрийн өндөрт, 450 мянган га нутагт оршдог бөгөөд нэг сая 250 мянган хүн амтай, засаг захиргааны есөн дүүрэг, 132 хороодод хуваагддаг байна.

Улаанбаатар нь дэлхийн улс орнуудын хамгийн хүйтэн нийслэл гэгддэг.

Улаанбаатар хотын түүх 1639 оноос улбаатай бөгөөд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээ цагаан нуур хэмээх газар шаваа тавьж байснаас хойш Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст одоогийн байршилдаа эцэслэн суурьшжээ. Дэлхий дээр ийм олон удаа байршлаа сольж байсан хот үгүй юм.

Халхын Монголын шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөн Өргөө хотыг анх 1639 онд байгуулсан нь Монголын шарын шашны төвөөс гадна улс төр, эдийн засгийн томоохон төв болон хувирсан гэдэг.

Улмаар Өргөө 1651 онд Номын хүрээ болон хүрээгээ тэлж, 1706 оноос Их хүрээ нэртэй болжээ. Тэр цагаас л тус хот Туул, Сэлбэ голын хөвөөгөөр суурьшин жинхэнэ хот болох эхлэлээ тавьжээ. XIX зууны үед Их хүрээ шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж хувирчээ.

Тэр үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан гэдэг. Их хүрээнд Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг дүүргүүд хамаарагдаж байсан байна.

Богд хаант Монгол Улс тусгаар тогтносноос хойш Их хүрээг Нийслэл хүрээ гэж нэрлэх болсон бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл манай орны нийслэл хотын үүргийг гүйцэтгэж эхэлжээ.

Харин ардын хувьсгал ялсны дараа, Улсын бага хурлын 1924 оны аравдугаар сарын 29-ний хуралдаанаас Нийслэл хүрээг Улаанбаатар нэртэй улсын нийслэл хот хэмээн хуульчилжээ. Өөрийн нэрээ ингэж олон удаа сольсон хот ч дэлхийд байхгүй гэдэг юм билээ.

Жил бүрийн аравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотын өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил нийслэл хотын маань 375 жилийн ой тохиож байна.

Зураг