Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад жижиг уурхайнуудаа хаана

Э.Өнөр
2014 оны 10 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Хятад улс ирэх онд нүүрсний 2000 гаруй жижиг уурхайгаа хаахаар төлөвлөжээ.

Хятадад уурхайн осол их гарч, хүний амь эрсэдсэн хэрэг тасрахгүй байгаа тул Засгийн газраас осол гарах эрсдэл өндөртэй нүүрсний жижиг уурхайнуудын ажлыг зогсоож, хаахаар болжээ.

Жилд 90 мянган тонноос доош хэмжээний нүүрс олборлодог жижиг уурхайд осол гарах эрсдэл хамгийн өндөр байдаг тул холбогдох шалгалт судалгааг хийсний дараа аюулгүй байдлын шаардлага хангаагүй уурхайг хаах болсон аж.

Тэдгээр уурхайг дахин ашиглуулахгүйн тулд ус, цахилгаан, тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийг хатуу хориглож цаашид байгаль орчинд хохирол багатай арга замаар бүрэн устгах юм байна.

Хятадын жижиг уурхайнууд хөрөнгө мөнгөний асуудлаас болж уурхайн аюулгүй байдлыг бүрэн хангадаггүйн улмаас 1000 гаруй уурхайчин амиа алдаад байна.

Тус улсын нүүрсний уурхайн 80 хувийг аюулгүй байдлыг бүрэн хангаагүй жижиг уурхайнууд эзэлдэг бөгөөд уурхайчдын 77 хувь нь дунд сургуулийн боловсролгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мэддэггүй байдаг нь уурхайн осол тасралтгүй гарах гол нөхцөл болдог байна.

 

Зураг