Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Далайбаатарт туслахыг уриаллаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн тавдугаар сард  Д.Далайбаатар нарын гурван өвөр монгол иргэнийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр пасспорт дээр нь 10 жилийн хугацаатай хар тамга дарж, албадан гаргажээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хүний эрхийн байгууллагууд болон Олон улсын хүний эрхийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Учир нь Д.Далайбаатарыг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлгүй бөгөөд ингэснээрээ НҮБ-ийн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Дүрвэгчийн дээд комиссарын газрын “Орогнол хүсэгчийг албадан гаргаж болохгүй” жишиг, Эмнести Интерэйшнл Хүний эрхийн байгууллагын ноот бичиг, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, ХЗЯ-ны байр суурь зэрэг олон баримт бичгийг зөрчсөн үйл явдал болсон гэж үзэж байна. Энэ асуудлаар ИХШХЕГ, ТЕГ-уудаас тодруулсан боловч “манай байгууллага шийдвэрлээгүй, холбоогүй” гэж мэдэгджээ.

Мөн түүнчлэн эдгээр хүмүүсийг яагаад албадан гаргах болсон нь тодорхойгүй бөгөөд албан ёсны нотлох баримт байхгүй байгаа ажээ.

Д.Далайбаатарт хуулийн, хүний эрхийн, боловсролын, санхүүгийн, сэтгэлзүйн, мэдээллийн, бүх талын тусламж үзүүлэхийг уриалж байгаа.
 

Д.Далайбаатар нь 2006-2014 оны тавдугаар сар хүртэл МУИС-ийн докторантурт Ардын урлаг судлалын чиглэлээр суралцаж байсан аж. Энэ хугацаандаа нөхдийн хамт “Дэлхийн Монгол оюутан клуб”, Өмнөд Монголын залуучуудын холбоо гэсэн хоёр ТББ-ыг хуулийн дагуу ажиллуулж байсан байна.

Одоо Д.Далайбаатарын байдал хүнд байгаа аж. Тэрээр БНХАУ-ын Эрээн хотод түр оршин сууж байгаа бөгөөд Монгол Улсад нэвтрэх эрхээ 10 жилээр хасуулж, сургууль судалгаанаасаа хөндийрсөн, ханилан суух гэж байсан бүсгүйгээсээ хагацаж салсан, “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” гэсэн шалтгаанаар ойр орчмынх нь хүмүүс дөлсөн бөгөөд сэтгэл санааны асар их дарамтанд оржээ. Тэрээр Монголын ард түмнээс тусламж хүсэж хоёр ч удаа захидал бичсэн байна.

Д.Далайбаатарыг албадан гаргасан үйл явдал нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, шударга бус үйл явдал болсон гэж үзэж байгаа иргэд нэгдэж төр засагт хандан дараах шаардлагыг тавьж байгаа юм. Үүнд:

  • Монгол Улсад нэвтрэх эрхийг нь сэргээх,
     
  • Сургуульдаа үргэлжлүүлэн сурах бололцоог нь өгөх,
     
  • Хохирлыг нь барагдуулж, нөхөн төлбөр олгох,
     
  • Гэм буруутнуудад хариуцлага тооцох гэх мэт.

Мөн ард түмэнд хандаж Д.Далайбаатарт хуулийн, хүний эрхийн, боловсролын, санхүүгийн, сэтгэлзүйн, мэдээллийн, бүх талын тусламж үзүүлэхийг уриалж байгаа юм байна.