Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний хэрэг дээр ажиллаж байгаа шүүгчийг дарамтлах, заналхийлэх нь их байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн шинэтгэл, түүний хүрээнд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон.

Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон үйлдлийг баталгаажуулсан баримтыг нөлөөллийн мэдүүлэг гэдэг.

Өнөөдрийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлснийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. Нийт ирсэн нөлөөллийн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр нөлөөлөхийг завджээ.

Дээрх есөн нөлөөллийн мэдүүлэг нь бүгд иргэний хэрэг дээр ажиллаж байгаа шүүгчдээс ирсэн юм байна. 

Нөлөөллийн мэдүүлгийн ач холбогдол:

  • Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хараат бусаар ажиллахад дэмжлэг үзүүлнэ
  • Шүүгчийн хараат бус байдалд халдахаас урьдчилан сэргийлнэ
  • Нөлөөлсөн иргэн, хуулийн этгээд хариуцлага хүлээнэ

Шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийг шүүх байгууллага өөрөө бус цагдаа, поркурорын байгууллага шалгаж байгаа юм байна. 

Шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлага:

  • Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
     
  • Албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах, чөлөөлөөгүй буюу огцруулаагүй бол шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулах бөгөөд энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах
     
  • Улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл уг байгууллагыг албадан татан буулгах буюу татан буулгахгүйгээр гэм буруутай этгээдийг 30 хүртэл хоногийн хугацаатай баривчлах шийтгэл ногдуулах
     
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн шүүгчид нөлөөлөхийг оролдсон тохиолдолд Монгол Улсаас албадан гаргаж, дахин ирэх эрхийг нь 10 хүртэл жилээр хасах