Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Apple чимээгүйхэн хувьсгал хийчихлээ. Мэдсэн үү?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 20
IKON.MN

Apple компани өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт iPad болон iMac бүтээгдэхүүний шинэ загваруудаа зарласан.

Гэхдээ энд чимээгүйхэн өнгөрсөн нэг том өөрчлөлт байлаа. Бараг энэ удаагийн арга хэмжээний хамгийн чухал сэдэв ч байж магадгүй.

Энэ бол өөрсдийнх нь бүтээсэн “Apple SIM” технологи.

 

Шинэ iPad-нууд нь гаднаас SIM карт орох үүрнээс гадна, дотроо үйлдвэрээсээ суурилагдсан, програмчлагддаг тусгай SIM-тэй гарчээ.

Өөрөөр хэлбэл үүрэн холбооны оператор компанийг солихдоо SIM солихгүй, зүгээр л төхөөрөмжийнхөө тохируулгын хэсэгт ороод операторын жагсаалтаас сонгоно.

Одоохондоо операторуудын жагсаалтад AT&T, Sprint, T-Mobile компаниуд байгаа юм.

Өөрөөр хэлбэл энэ операторуудын хамгийн ашигтай дата багц санал болгосныг нь хялбархан сонгоод байж болохоор болжээ.Одоохондоо энэ технологи зөвхөн iPad дээр, бас зөвхөн дата зориулалтаар хэрэглэгдэж байгаа юм.

Хэрвээ iPhone-д энэ нь нэвтэрвэл юу болох бол? Жинхэнэ хувьсгал болно.

Оператор компаниудын хэрэглэгчийг өөртөө уядаг гол зүйл нь энэ SIM карт болон дугаар. Дугаараа хэрэглэгч өөрөө эзэмшдэг болох асуудал нэгэнт яригдаад эхэлсэн.

Харин SIM картаа оператор дунд чөлөөтэй хэрэглэдэг бол тун сонин нөхцөл байдал үүснэ.

Хэрэглэгчид уян хатан, шилжиж хэрэглэх боломжтой болох бол оператор компаниуд нэлээд өрсөлдөөнт орчинд шилжинэ гэсэн үг.

Одоохондоо энэ технологи хязгаарлагдмал түвшинд эхэлж байгаа ч нэгэнт галт тэрэг хөдөлчихлөө гэж ойлгож болно.

Ялангуяа Apple компани SIM карттай холбоотой шинэчлэлтийг асар түргэн хийж чаддаг.

Тэд mini SIM – micro SIM – nano SIM гэсэн өөрчлөлтүүдийг богино хугацаанд бусдаас түрүүлж нэвтрүүлсэн түүхтэй билээ.