Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд үүсгэн байгуулагчаар оролцоно

ikon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгох нь зүйтэй гэж Засгийн газрыны хуралдаанаас үзсэн байна. 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах саналыг БНХАУ-ын дарга Си Зинпинь дэвшүүлсэн бөгөөд  бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч буй хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зохистой хуваарилах, бүс нутгийн хөгжилд түлхэц өгөх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. 

Манай улсыг тус банкинд үүсгэн байгуулагчаар оролцох саналыг  БНХАУ-ын Засгийн газар тавьсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар уг банкинд үүсгэн байгуулагчаар оролцохыг Сангийн яаманд үүрэг болгосон юм.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг боловсруулж 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүд гарын үсэг зурснаар банк байгуулах гэрээний ажилд орох юм.

2015 оны эцэст Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж төлөвлөж байна. Энэ банк байгуулагдсанаар  дэд бүтэц болон бусад үр ашигтай салбаруудад  хөрөнгө оруулалт шаардагдаж буй манай улсын хувьд шинэ санхүүжилтийн нэг эх үүсвэр нэмэгдэх юм.