Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хос мэргэжил эзэмшиж болно

Зууны мэдээ
2014 оны 10 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Хос мэргэжил эзэмшиж болно

-Би нэгдүгээр курсийн дизайн урлагийн оюутан. Хоёрдугаар курсээсээ барилга архитектурын ангид сурах сонирхолтой байна. Энэ ангид ороход ямар шалгуур хангасан байх ёстой вэ. Хэзээ шилжин орж болох вэ. Өмнө нь шалгалт өгч оноо хүрээгүй учир дизайн урлагийн ангид орсон юм?

ШУТИС-ийн нэгдүгээр курсын оюутан Г.Төмөрбаатар

-Манайх шинэ оюутантай гэрээ хийдэг. Тиймээс тухайн оюутан гэрээний заалттайгаа сайн танилцах хэрэгтэй. Хоёрдугаарт, журмын дагуу шилжилт хөдөлгөөн хийнэ. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн хооронд шилжих хүсэлтийг дараах шаардлага хангасан оюутан профессорын багийн ахлагчид гаргана.

Үүнд анх орсон мэргэжлээрээ нэг улирал болон түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байна. Суралцсан хугацааны нийт хуримтлуулсан үнэлгээний голч дүн хоёроос доошгүй байх шаардлагатай. Мөн шилжихгүй байх боломжтой. Тухайлбал, хос, хавсарсан маягаар давхар мэргэжил эзэмшиж болно.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн дэд захирал Д.Ариунболор

Хөдөлмөрийн насны ямар ч хүн сурч болно

-Би одоо 43 настай, ажилгүй. Мэргэжилтэн, ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байгаа гэсэн. Энэ хөтөлбөрт хамрагдах гэсэн юм. Хаана, хэнтэй уулзаж, яаж бүртгүүлэх вэ?

Баянзүрх дүүргийн иргэн Р.Булгантамир

-Хөдөлмөрийн насны ямар ч хүн сурч болно. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд Хөдөлмөрийн төв бирж дээр очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний* үнэмлэх, хоёр хувь цээж зураг хэрэгтэй. Зөвхөн энэ хөтөлбөр гэхгүй насанд хүрэгчдийг нэг жилийн хугацаатай мэргэжил эзэмшүүлэх сургалт манайд бий.

Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамбаа

Гэрчилгээ авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Би 1998 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн, гэрчилгээгээ гээчихсэн. Гэрчилгээ дахин авахад хаанаас яаж авах вэ. Мөн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Завхан аймгийн иргэн Л.Цэвээнсүрэн

-БШУ-ы сайдын 2008 оны 112 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургууль төгсөгчид боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гээж, үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн сурч төгссөн орон нутаг болон тухайн аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газраас нөхөж олгохоор болсон.

1997, 1998, 2003-2009 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн Б маягтийн лавлагаа авна. Бусад оны Б маягтууд байхгүй учир өөрийн төгссөн ерөнхий боловсролын сургуулиас тодорхойлолт, сурлагын дүнгийн лавлагаа, журналын хуулбар, гэрчилгээний дугаар бүхий хуудсыг албан бичгээр гаргуулна.

Мөн өөрийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, сурагчийн хувийн хэрэг, хуулбар, хаяж үрэгдүүлсэн гэрчилгээний хуулбар, боловсролын бичиг баримтыг нөхөж олгохыг хүссэн өргөдөл, гээсэн гэрчилгээ, үнэмлэхээ хүчингүй болгосон тухай сонинд зарлуулсан бичиг, ангийн хамт олонтойгоо авахуулсан зураг зэрэг таны сургууль төгссөнийг нотлох баримт байна.

БШУЯ-ны БХЗГ, суурь, бүрэн дунд боловсролын хэлтэс

Зураг