Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Бүтцийн өөрчлөлт санаанд нийцвэл дэмжинэ, ҮГҮЙ бол ...

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

УИХ-ын намрын чуулганы нээлт 11.40 цагт болж өндөрлөлөө. Нээлтийн ажиллагааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат зарим асуултад хариу өгсөн юм.

-Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал гарчихсан. Танай бүлгийн зүйгээс аль асуудалд илүү ач холбогдол өгч байна вэ?

-Энэ удаагийн намрын чуулган одоогийн Их хурлын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үе шат. Товчхон хэлбэл, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийн суурь өөрчлөлтүүдийг бүрэн хийж дуусгах хугацаа гэж ойлгож байна. Чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн чухал нь хоёр хөрштэйгөө хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төмөр замынхаа бодлогыг баталж авах асуудал байгаа.

Дараагийн асуудал гэвэл, одоо төсөв орж ирж байна. 2015 оны төсөв хэдий хүнд байгаа ч гэсэн бид нар төсвөө хамгийн бага зардалтай, гэхдээ цалин мөнгөний асуудлаа нэг тийш нь шийдсэн, замбараагүй хөрөнгө оруулалтынхаа асуудлыг нэг тийш нь болгосон ийм л төсөв байгаасай гэж хүсэж байна.

-Ерөнхий сайдын Засгийн газарт хийх гэж байгаа бүтцийн өөрчлөлтийн талаар танай бүлгийнхэн ярилцах уу?

-Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Мэдээж үүнийг Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд оруулж ирнэ. Оруулж ирэхдээ цаг хугацааны тухайд хэдийд вэ гэдгийг ярилцах боломж байгаа болов уу гэж бодож байна.

Засгийн газрын бүтцийн тухай асуудал ороод ирвэл энд нэг гишүүний тухай биш бүтцийн тухай ярих нь зүйтэй гэж үзэж байгаа.

Мөн Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барьсаны дараа бид намынхаа бүлгээр энэ асуудлыг авч хэлэлцэх бодолтой байна.

-Бүтцийн өөрчлөлтийн талаарх дүр зураг гэх зүйл гарсан уу. Танд энэ талын мэдээлэл хэр байна вэ?

-Ерөнхий сайд Их хуралд өргөн бариагүй учир бидэнд тодорхой мэдээлэл байхгүй. Гэхдээ энэ асуудал ойрын үед буюу ирэх долоо хоног гэхэд Их хуралд орж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор АН-ын бүлэг Ерөнхий сайдад санал хүргүүлсэн үү, хүргүүлэх үү?

-Мэдээж бүлэг дээр ярина. Мөн улс төр нь тогтвортой, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, шаардлагад нийцсэн ийм л бүтцийг бид хүлээж авна гэсэн бодолтой байгаа. Үүнд нийцвэл дэмжээд явна, нийцэхгүй бол бүлэг өөрийн байр суурийг илэрхийлнэ.

-Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг намрын чуулганаар буюу маргааш хэлэлцэнэ. АН-ын бүлгийн байр суурь хуучин хэвээрэй юү?

-Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг тавьсан байгаа. Энэ бол төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа асуудал. Энэ долоо хоногт хэлэлцэнэ. Гэхдээ Засгийн газрын бүтцийн тухай асуудал ороод ирвэл энд нэг гишүүний тухай биш бүтцийн тухай ярих нь зүйтэй гэж үзэж байгаа.