Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хонгконгийн цагдaa нар бойкот зарласан оюутнуудыг баривчилж эхэллээ

Б.Даваахүү
2014 оны 9 сарын 29
Монголын мэдээ

Хонгконгийн оюутнууд саяхан гаргасан сонгуулийн шинэчлэлтэй холбоотой Хятадын байр суурийг эсэргүүцэн долоо хоногийн хугацаатай бойкот зарласан билээ.

Түүнчлэн дунд болон ахлах сургуулийн 500 гаруй сурагч тэдний эгнээнд нэгдсэн талаар эх сурвалжууд өмнө нь мэдээлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагийн орой 2000 гаруй оюутнууд Засгийн газрын байрны өмнө ардчиллыг шаардан жагссан бөгөөд энэ үеэр тэдний 150 гаруй нь тус байр руу нэвтэрчээ. Тэдний зарим нь гадна талын өндөр хана руу авирч, хаалгаа онгойлго хэмээн хашгирч байсан аж.

Цагдаа нар халдлагаа зогсоо, болохгүй гэх улаан дохио өргөж байсан ч тэдний сануулгыг жагсагчид үл тоон байр руу нэвтэрсэн тул нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг байрнаас гаргаж, хамгийн сүүлд үлдсэн 74 оюутныг “Засгийн газрын эзэмшлийн байгууламж руу хууль бусаар нэвтэрсэн болон жагсаал цуглаанд оролцсон гэх үндэслэлээр баривчлаад байгаа аж.

Гэсэн ч, нулимс асгаруулагч хийнээс өөрсдийгөө хамгаалах үүднээс нүдний шил зүүн цув өмссөн оюутнууд Засгийн газрын байрны өмнө суулт зарласаар байжээ.



Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооноос өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Хонгконгийн удирдагчийг хэрхэн сонгох асуудлыг долоо хоног хуралдсаны эцэст 2017 оны сонгуульд нэр дэвшигчид Бээжингийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдэг байр сууринд нэгдсэн юм. Үүнээс үүдэн Хонгконгийн оюутнууд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлэн бойкот зарласан юм. Жагсагчид Төрийн тэргүүн Лян Жэньинтэй нүүр тулан уулзахыг шаардаж байгаа боловч одоо болтол Лян Жэньин ямар ч хариу өгөөгүй байгаа юм байна.

Зураг