Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

II төрөх: Осгочих гээд гэр рүүгээ ЭСГИЙ ШААХАЙ захиад сууж байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 29
iKon.MN

Нийтээрээ дулаанаа аваад эхэлчихсэн энэ өдрүүдэд нийслэлийн II амаржих газар халаалтгүй тун зутруухан сууна. Төрөхийн өмнөх болоод дараах тасгууд жиндүү хүйтэн байгаагаас эх нярайд үүсэх хүндрэл ч гарч мэдэх хэмжээнд хүрчээ.

II төрөхийн баруун болон зүүн жигүүр огт халаалтгүй байгаа.

Иймд II төрөхийн удирдлагууд “Улаанбаатар” их дэлгүүрээс дулаан авах хүсэлт гаргасан байна. Харамсалтай нь тус дэлгүүрийн удирдлага хувийн өмч гээд халгаахгүй байгаа сурагтай.

Нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг бид сурвалжиллаа.  

Нийслэлийн II төрөх нь Сонгинохайрхан дүүргийн 300 мянган өрхөд үйлчилдэг бөгөөд өдөрт 30-40 эх нярайлж, 10 хагалгаа тогтмол ордог байна.

Гэтэл эмнэлгийн баруун болон зүүн жигүүр огт халаалтгүй байгаа бөгөөд энэ хэсэгт захиргаа, төрөхийн өмнөх болон дараах тасаг, нэн шаардлагатай үеийн үр хөндөлтийн өрөө зэрэг халаалт нэн шаардлагатай тасгууд багтдаг аж.

Ингээд тасгийн эрхлэгч Б.Гантөгстэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Яг өнөөдрийн байдлаар төрөх эмнэлгийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Халаалт дулаангүй тун хүндхэн байна. Манай эмнэлгийн барилга нь 60-аад жилийн настай модон барилга. Сүүлийн хоёр жил дулаан халаалт ирэхээ больсон. Учир нь дулааны хоёрдугаар шугам нь ачааллаа даахаа болилоо. Энэ нь эмнэлгийн ойр орчинд орон сууцны барилга, “Зиг Заг”, KFC, “Орбит” зэрэг хувийн хэвшлийн барилга баригдсантай холбоотой.

Эдгээрээс болоод манайд ирэх дулааны шугамын даралт хүрэлцэхээ больчихоод байна.

-Дөнгөж төрсөн нярайд дулаан маш чухал. Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол болохгүй юм байна.

-Яг тийм. Нярай гэдэг маань дулаан орчинд торниж, бойжих ёстой. Хүйтэн орчноос болж нярай амьсгалын дутагдалд орох аюултайгаас гадна цус харвах эрсдэлтэй. Энэ мэт зөндөө эрсдэл бий.

Эхчүүд  ч гэсэн дулаан орчинд төрөх ёстой. Өөрөөр хэлбэл, дулааны асуудлаас үүдээд манай эмчилгээ үйлчилгээнд доголдол үүсээд байгаа юм.

-Дулаан авах асуудлаар холбогдох төрийн байгууллагуудад хандсан биз дээ?

-Уг нь энэ асуудлыг НЗДТГ-аас шийдэж өгсөн. Дулааны шугам сүлжээ тавих компани нь тендерээр шалгараад, дулааны нэгдүгээр магистрал шугамнаас дулаан авах төсөв санхүү нь шийдэгдчихсэн. Яахав бидний хэлдгээр төрийн байгууллагын ажил удаан явагддаг гэдгээрээ манай эмнэлгээс хамаарахгүй асуудлаас болоод өдийг хүрчихлээ л дээ.

Эцэст нь нэг мөр шийдэгдээд, 14 хоногийн өмнө манай эмнэлгийн ерөнхий захирал, аж ахуйн дарга, тендерт шалгарсан компанийн инженер нар “Улаанбаатар” их дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээ захиралтай орж уулзсан. Дулааны шугам татахын тулд танай дэлгүүрийн зүүн талаар ухах хэрэгтэй байна гэдгээ хэлсэн.

Гэтэл эсэргүүцээд “Энэ манай хувийн өмч, бид нар газар ухуулахгүй. Та нар өшөө судалгаа энэ тэр гаргаж өг” гэсээр өнөөдөр цаг алдсан л хэрэг болоод байна. Арга буюу бид “Улаанбаатар” их дэлгүүрийн үүдэнд жагсаал хийлээ.

-Дулааны шугам татахад ер нь хэчнээн хоног шаардах уу?

-Ердөө 14 хоног л шаардагдана. “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талаар буюу одоо эд нар төлбөртэй зогсоол болгож байгаа юм байна лээ. Тэр хэсгээр л татах юм, буцаагаад нөхөн сэргээлт хийх 50 сая төгрөг ч төсөвт суучихсан байгаа.

Гэтэл өнөөдрийг хүртэл зөвшөөрдөггүй. Танайх 45 дугаар сургуулийн хажуугаар татаа гээд сууж байна. Гэтэл 45 дугаар сургуульд хэчнээн хүүхэд сурдаг билээ. Хүүхдүүд ухсан нүх рүү унаж, бэртэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

-Палатуудад халаалт гэх юм ер алга. Зарим нэг нь тень залгасан харагдаж байна.

-Маш хүйтэн, теньгүй тасгууд ч бий. Эмнэлгийн хоёр талын жигүүр бол ерөөсөө халахгүй байгаа.

Уг нь эмнэлгийн паарнууд маш сайн халдаг. Өнгөрсөн тавдугаар сард энэ ойр орчмын газруудын дуулааныг хаагаад эхэлсэн чинь манай төрөхийн паарнууд гар хүрч болохгүй халж байсан. Халдаг л юм байна лээ.


Б.Н: ОСГОХ ГЭЭД ЭСГИЙ ТААВЧИГ ЗАХИЧИХААД СУУЖ БАЙНА

-Танай өрөө нэлээд жиндүү байна. Паар чинь халдаггүй юу?

-Нэг бүлбийсэн юм  л байна. Осгочих гээд ямар сайндаа эсгий таавчиг захичихаад сууж байна. Наад паар чинь ерөөсөө халж байгаа юм байхгүй. II төрөх ерөнхийдөө маш сэрүүн, амаржих гэж ирсэн эхчүүд хүндхэн л байна даа.

Энд тэнд л бээрч даарсан хүмүүс.

С.Г: -Манай тасаг нэгдүгээр давхарт болоод ч тэр үү нэлээд хүйтэн. Дээр нь халаалт гэх юм алга. Тень тавьж байгаа тулдаа л болж байна. Бид нар ч яахав төрөхийн өмнөх тасаг. Төрсний дараах тасаг л бүүр хүндхэн байгаа болов уу.

II төрөхийнхний хэлж буйгаар “Улаанбаатар” их дэлгүүрийн захиргаа л зөвшөөрчихвөл халаалт авахад асуудалгүй гэсэн юм. Иймд тус дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээтэй уулзаж, дулаан шугам тавихад ямар асуудал байгааг тодрууллаа.


Г.Сүхээ: н.ОЮУНХАНД ДАРГЫГ БОДОХООР ХАЛААЛТ ӨГМӨӨРГҮЙ Л БАЙНА...

-II төрөх дулаангүй тун хүндхэн байгаа юм байна. Танай зүгээс яг ямар шалтгаанаар дулааны шугам татуулахгүй гээд байна вэ?

-Дулааны шугам татах ажил яг манай зүүн хаалгаар дайрч байгаа. Өөрөөр хэлбэл, зүүн үүдийг тэр чигт нь сэтэлнэ гэсэн үг. Ямар ч монгол хүн үүд хаалгаа сэтлүүлж, буулгуулахгүй шүү дээ. Түүнчлэн яг тэр хэсгээр манай шугам сүлжээ, кабель бас явж байгаа.

Нөгөөтэйгүүр есдүгээр сарын 15-ны өдөр II төрөхийн дарга н.Оюунханд надтай ирж уулзсан. Ингээд “Манай дулаан хүрэлцэхгүй байна, халахаа байчихлаа” гэж хэллээ.

"Яагаад?" гэхэд “Манай дулаанаас хажуу талын хоёр орон сууц дулаан авчихсан чинь дулаан ирэхээ больчихлоо. Тэгэхээр одоо танай дулааны шугамаас авна” гэсэн. Гэтэл манай байгууллагад тааруулаад өгчихсөн дулааны тооцоолол байгаа шүү дээ.  Гэтэл тэр хоолойноос II төрөх авахаар манайх ч халахгүй, II төрөх ч халахгүй.

Мөн бид дулааны шугамаа өөрийнхөө хөрөнгөөр хийсэн. Тиймээс бид тооцож, бодож үзье гэсэн.  Хэн хэн нь халахгүй болчихвий. Холбогдох газруудад нь асуудлаа тавья гэж хэлсэн.

Ингээд холбогдох газруудад  нь хандсан. Гэтэл өнөөдөр хариу өгдөг хүн байхгүй, эргээд холбогддоггүй, залгахаар утсаа авдаггүй. Одоо би хаашаа ярих уу.

-Тухайлбал, аль байгууллагад та хандаж үзэв?

-Дулааны шугам сүлжээнд хандсан. Тэд ойлгож байна гэсэн. Гэхдээ “Бид нар дулаан хаанаас авах цэгийг нь өгдөг болохоос, бусад трансын шугамыг шийддэггүй” гэж хариулсан.

Тэгэхээр бид нь ДШС ТӨХК, хотын ерөнхий төлөвлөгөөний газар, шугам сүлжээний газартай зөвшилцөөд, тооцоог нь дахиж хийж үзэхэд манай хоёр байгууллага нэг шугамнаас авбал үнэхээр халахгүй гэж гарсан.

Уг нь бол II төрөх есөн сарын 15-нд дулаанаа авах ёстой юм байна. Гэтэл манай дээр есөн сарын 15-ныхаа өдөр буюу дулаан авах өдрөө орж ирж байгаа байхгүй юу.

Тэгэхээр нь би хэлсэн. "н.Оюунханд даргаа та өнөөдрийг хүртэл юу хийж явсан хүн бэ. Бүх байгууллагууд дулааныхаа бэлтгэл ажлыг хангаад дулаанаа аваад эхэлчихээд байна" гэхэд, “Удирдах дээд байгууллагууд шийдэж өгөхгүй байсаар байгаад өдийг хүрлээ” гэж хэлж байна лээ.

Юутай ч бид дулааны худагнаасаа дулаан өгье гэж хэлсэн байгаа. Гэхдээ н.Оюунханд даргыг бодохоор өгмөөргүй байна. Энэ даргыг би ажлаа мэддэггүй, хийдэггүй дарга гэж хэлнэ.

-н.Оюунханд дарга дулааны асуудлаар танд 10 гаруй удаа хандсан гэж байсан.

-Үгүй, худлаа. Надтай хоёр удаа л уулзсан. Есөн сарын 15, 25-нд. Би хоёуланд нь найрсаг хүлээж авч уулзсан шүү.


"Улаанбаатар" их дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээгийн хэлж буйгаар дулааны худагнаасаа II төрөхт өгөхөөр болсон гэж байлаа. Тиймээс дүн өвөл эхлэхээс өмнө төрөхийн дулааны асуудлыг яаравчлан шийдэхгүй бол, эх нярайд ямар нэгэн хүндрэх үүсэхгүй гэх баталгаа алга байна.