Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад ажиллаж буй Монгол иргэд нийгмийн даатгалд даатгуулах боломжтой

ikon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн Нийгмийн даатгалын хамрагдалтын талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалтай цөөн хором ярилцлаа. 

-Хилийн чандад дахь  Монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалтын хүрээнд "Монгол орны хөгжилд" чуулган боллоо. Энэхүү чуулганад гадаад оронд амьдарч байгаа Монгол иргэд өөрийн орны  даатгалд хамрагдах боломж, нөхцөл, эрх зүйн орчины талаар мэдээлэл өгсөн шүү дээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

- Энэхүү чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа  гол асуудлын нэг бол гадаадад амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгалын хамрагдалт, тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах, хамралтыг нэмэгдүүлэх боломж, нөхцлийн талаар ярилцлаа. Тэгэхээр хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгалын харилцааг Олон улсын гэрээ хэлэлцээр,хууль, тогтоомжийг хүрээнд зохицуулж байгаа гэсэн үг юм.

-Та гадаадад амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын нөхцөл, журмыг  Олон улсын гэрээгээр зохицуулдаг тухай  ярилаа. Манай улсын хувьд ямар улстай нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ байгуулсан бэ? Энэ талаар тодруулна уу?

-Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах чиглэлээр манай улсын Засгийн газар  ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах  Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс  энэ дөрвөн орны Засгийн газар, хооронд  хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан.

Тодруулбал, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын хэлэлцээрийн хувьд хоёр улсын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцдог бол БНСУ-тай хамтран ажиллах хэлэлцээрийн агуулга нь  давхар шимтгэл төлөхөөс чөлөөлөх харилцааг зохицуулсан.

Харин БНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь тухайн хэлэлцэн тохирогч талын нутаг дэвсгэр дээр  шимтгэл төлж, ажилласан хугацаандаа ногдох тэтгэврийг тооцон олгох асуудлыг шийдвэрлэсэн юм. Эдгээр орноос бусад оронд ажиллаж амьдарч буй манай улсын иргэд өөрийн орны даатгалд сайн дурын хэлбэрээр  даатгуулна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/113 дугаар тушаалаар гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний  нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нөхцөл, гэрээний загварыг баталсан

-Гадаадад амьдардаг манай улсын иргэд өөрийнхөө орны нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах боломжтой юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/113 дугаар тушаалаар гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний  нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нөхцөл, гэрээний загварыг баталсан. Энэхүү журамд зааснаар тухайн иргэн нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтээ Монгол улсынхаа нийгмийн даатгалын байгууллагад гаргаж цахим хэлбэрээр бүртгүүлэн гэрээ байгуулна. Гэрээндээ шимтгэл төлөх орлогоо мэдүүлнэ,шимтгэл  төлөх хугацаагаа тохиролцоно.Мөн Монгол Улсад амьдарч буй  ах дүү төрөл хамаатан садан, өөрийг тань төлөөлөх, итгэмжлэгдсэн хүнээрээ дамжуулан   сайн дурын даатгалын гэрээ байгуулах боломжтой.  

-Тухайн иргэн  шимтгэл төлөх орлогоо хэрхэн тодорхойлж мэдүүлэх  бэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын доод хэмжээ нь 192000 төгрөг, дээд хэмжээ 1920 000 төгрөг байна. Иймээс тухайн иргэн өөрийн санхүүгийн боломж, нөхцөлөөс хамааран энэхүү дээд, доод хязгаарын хооронд  орлогоо тодорхойлж мэдүүлнэ. Тухайлбал, шимтгэл тооцох орлогоо 192 000 төгрөг байхаар гэрээндээ тусгавал сардаа 23040 төгрөг (192000*12%/100), жилдээ 276480 төгрөгийн шимтгэл  төлнө  гэсэн үг. 

Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын доод хэмжээ нь 192000 төгрөг, дээд хэмжээ 1920 000 төгрөг байна

-Нийгмийн даатгалд хамрагдахын ач холбогдлыг тодорхойлон хэлбэл?

-Сайн дурын даатгуулагч  тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн  осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэсэн гурван төрөлд даатгуулна. Ийнхүү даатгуулсанаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, осол гэмтэл өртөх түүнчлэн  амь насаа алдах зэрэг эрсдэл тохиолдсон үед нийгмийн даатгалын сангаас хохиролоо нөхүүлэх, гэр бүлийн орлогын бууралтаас хамгаалах боломж бүрдэнэ.

Жишээлбэл, 10 жил шимтгэл төлж, хуульд заасан тэтгэвэр авах насны болзол хангасан тохиолдолд  өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох, 12 сар шимтгэл төлсөн үүнээс  сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болно.

Ер нь нийгмийн даатгал бол иргэдийн насан туршийн баталгаа тул манай иргэд нийгмийн даатгалдаа даатгуулж өөрийнхөө болон  гэр бүлийн гишүүдээ  орлогыг бууралтаас  хамгаалах санхүүгийн хэрэгсэл юм даа. 

Түүнчлэн гадаад оронд амьдарч байгаа манай улсын иргэд тухайн оршин суугаа орныхоо нийгмийн даатгалд шимтгэл төлж хамрагддаг боловч энэ хугацаа нь  гэрээ, хэлэлцээргүй орны хувьд Монгол Улсад шимтгэл төлсөн хугацаанд орж тооцогдохгүй. Олон жил гадаад оронд ажиллаж, амьдарч байгаад  эх орондоо буцаж ирэхэд Монгол Улсынхаа нийгмийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд  нийгмийн даатгалд нөхөн даатгуулах хууль эрх зүйн зохицуулалтгүй учраас тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүйгээс  тухайн иргэн хохирох асуудал амьдрал дээр тохиолддог.  

Иймээс өөрийн орныхоо нийгмийн даатгалд хамрагдаж амжаагүй бол энэ мөчөөс эхлээд даатгуулвал та бүхний ирээдүйн нийгмийн баталгаа найдвартай хангагдана гэдгийг Та бүхэн  ойлгоосой гэж бодож  байна. Би дээр хэлсэн хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу  192000 төгрөгийн орлогоос шимтгэл төлбөл сардаа ердөө 10 гаруйхан доллар, жилдээ 150 орчим доллар төлөхөд нэг жил даатгуулснаар тооцогдоно. Өөөрийнхөө болон  гэр бүлийнхээ ирээдүйн баталгаанд  хийсэн хөрөнгө оруулалт Таны насан туршийн батлгаа болно шүү гэдгийг эцэст хэлэхийг хүсч байна.  

Манай улсын иргэд тухайн оршин суугаа орныхоо нийгмийн даатгалд шимтгэл төлж хамрагддаг боловч энэ хугацаа нь  гэрээ, хэлэлцээргүй орны хувьд Монгол Улсад шимтгэл төлсөн хугацаанд орж тооцогдохгүй.

-Гадаадад амьдарч байгаа иргэд  "Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийн үйлчлэлд хийр хамрагдсан бол?

- Монгол Улсад 1990 оны эхээр нийгэм, эдийн засгийн хүрээнд шинэлэл өөрчлөлт хийгдэж, өмч хувьчлагдан үйлдвэр аж ахуйн газрууд татан буугдан дампуурснаас тэнд ажиллаж байсан олон хүмүүс ажил төрөлгүй болж, амьдралын эрхээр зарим нэг хэсэг нь гадаад оронд ажиллаж амьдрахаар явцгаасан.

Ийнхүү өөрөөс  үл хамаарах шалтгаанаар  ажилгүй байсан, нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэдэд нэг удаа боломж олгох зорилгоор Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ зарим  гишүүдийн хамт 2012 онд “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг санаачлан боловсруулж батлуулснаар  өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 540,0 гаруй мянган иргэн энэ хуульд  хамрагдан   нэг сараас 11 жилийн ажиллаагүй хугацаагаа нөхөн тооцууллаа.

Мөн гадаадад амьдарч байгаа монголчуудаас 600 гаруй иргэн нь цахимаар хандан энэ хуульд хамрагдан бүртгүүлсэн байна. Бас монгол улсад  байгаа ах дүү, хамаатан саднаараа дамжуулан бүртгүүлсэн хүн ч цөөнгүй байгаа.  

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.