Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Коктейл" фильмс, "Эмоци" продакшн олон ангит кино бүтээж байна

ikon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN

Хууль эрх зүй бол нийгмийн чухал сэдэв. Энэ сэдвийн мэдлэгийг хүмүүст энгийн байдлаар бус харин уран сайхны аргаар хүргэх нь илүү хүртээмжтэй байдаг.

Тэгвэл хууль эрх зүйн шинэчлэлийн асуудал ид яригдаж байгаа энэ үед "Боловсрол суваг" телевиз Хууль зүйн яамтай хамтран “Мөрдөгч” олон ангит киног ирэх даваа гараг буюу 9-р сарын 22-оос эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Ингээд "Мөрдөгч" олон ангит киноны ерөнхий продюсер, “Боловсрол суваг” телевизийн уран бүтээл хариуцсан захирал, СТА Н.Отгонбаттай телевизийн шинэ уран бүтээлийн талаар ярилцлаа. 

- “Мөрдөгч” олон ангит киног хийх санаа хэрхэн төрсөн бэ?

- Нэрнээсээ л эхлэн айдас төрүүлдэг "Эрүүгийн хууль" шинэчлэгдэн "Гэмт хэргийн тухай хууль" болохоор хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор "Боловсрол суваг" телевиз Хууль зүйн яамны захиалгаар "Мөрдөгч" хэмээх 40 ангит телевизийн олон ангит киног бүтээхээр болсон.

9-р сарын 22-ноос эхлэн “Боловсрол суваг” телевизээр гарах “Мөрдөгч” киноноос хүлээн авч үзээрэй. 

Хуулийн шинэчлэлийн онцлог зүйлсийг телевизийн киногоор дамжуулан иргэдэд хүргэдэг хэлбэр дэлхийн бусад оронд ч түгээмэл байсан. Тухайлбал, Германы телевизийн бүтээл болох "Мөрдөн байцаагч Деррик", Их Британийн телевизийн “Байцаагч Морз” зэрэг кинонууд байдаг.

Монголд ч сүүлийн үед энэ хэлбэрээр олон кино хийгдлээ. Тухайлбал, МҮОНТ болон Онцгой байдлын ерөнхий газар хамтарсан "Нарны жим" олон ангит кино, “NTV” телевизийн бүтээл авлигын хор хөнөөлийг харуулсан "Ус дээшээ урсдаг" олон ангит кино, "Эх орон" телевизээр гарсан "Цахлай нисэх гэж төрдөг" зэрэг олон ангит кинонуудыг нэрлэж болно. 

- Киноны зохиолыг хэдий хугацаанд бичиж, зураг авалт хэзээ өрнөсөн бэ?

- Киноны зохиолыг өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн бичсэн. Зохиолыг гэмт хэргийн бодит явдлаас сэдэвлэн уран сайхны аргаар харуулахыг зорьсон. Зохиолчоор "Хувь тавилангийн ээдрээ" олон ангит киноны зохиолыг бичсэн нийтлэлчид болох Г.Анхбаяр (Аанхаа), Д.Билгүүн (Гаамп), Д.Түмэн-Өлзий (Артаньян) нар болон кино зохиолч А.Миеэгомбо нар ажилласан. Харин зураг авалт 2013 оны 12 сарын 10-аас энэ оны 6 сарын 12-ийг хүртэл 6 сарын хугацаанд өвөл, хавар, зуны улиралд үргэлжилсэн. 

- Сүүлийн үед монголын олон ангит киног үзэх нь эрс нэмэгдэж байна. “Мөрдөгч” кино “Боловсрол суваг” телевизийн хэд дэх кино уран бүтээл вэ?

- "Мөрдөгч" олон ангит кино нь "Боловсрол суваг" телевизийн тав дахь, энэ жил үзэгчдэд хүргэж байгаа хоёр дахь олон ангит кино. Өмнө нь манай телевиз "Хайрын эрэлд", "Наран мандах нутаг", "Хувь тавилангийн ээдрээ", "Гурван найз" зэрэг олон ангит киног үзэгчдэдээ хүргэсэн.

Телевиз үзэгчийн судалгаанаас харахад монголд ч гадаадад ч телевиз үзэгчдийн хамгийн их үздэг контент нь кино контент байдаг. Тийм учраас манай телевиз үзэгчдийн хамгийн их үзэж байгаа контентийг тогтмол, чанартай хийхээр шаргуу ажиллаж байгаа.
 
- “Гурван найз”, “Мөрдөгч” кинонуудын араас ямар кино хийх бол гэж үзэгчид их сонирхож байгаа байх. Энэ талаар?

- Монголын телевизүүдээр хамгийн их гарч байгаа кино бол мэдээж гадны кинонууд, тэдгээрийн дотор солонгос кино зонхилдог. Иймд манай телевиз телевизийн олон ангит киноны хөгжилд хувь нэмрээ оруулж жилдээ доод тал нь хоёр олон ангит кино хийхээр төлөвлөж байна. Энэ жил бид "Гурван найз" инээдмийн цуврал болон одоо гарч эхлэх гэж буй "Мөрдөгч" олон ангит киног хүргэж байна.

Харин 2015 оны эхний хагаст "Коктейл фильмс"-тэй хамтран олон ангит инээдмийн киног үзэгчдэдээ барихаар ажиллаж эхлээд байна. Мөн "Гурван найз" инээдмийн цувралыг хамтран бүтээсэн "Эмоци" продакшнтай хамтран ирэх намар шинэ олон ангит киногоо хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

- "Гурван найз" олон ангит киног телевиз үзэгчид цааш нь үргэлжлүүлж хийгээч гэсэн  хүлээлттэй байгаа санагдсан, энэ цувралыг та нар цааш нь үргэлжлүүлэх бодолтой байгаа юу?

- "Гурван найз" цуврал гараад дууссаны дараа үзэгчид фэйсбүүк хуудсаар болон бусад шугамаар дамжуулан уг киног цааш үргэлжлүүлж хийгээч гэсэн маш олон санал ирүүлсэн. Үүний дараа хамтран бүтээгч "Эмоци" продакшн болон продюсер, найруулагч нар уулзаж ярилцсанаар "Гурван найз" олон ангит киног цааш үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн. Яагаад гэвэл анхнаасаа дараа жил нь үргэлжлүүлнэ гэж төлөвлөлгүй учраас нэгэнт дуусгасан киногоо дахин эхлүүлэх үзэгчдэд тийм ч сонирхолтой байхгүй байх гэж үзсэн.

Тиймээс бид ирэх жил цоо шинэ зохиолоор шинэ инээдмийн цуврал хийхээр болсон. Тэгэхээр "Боловсрол суваг" телевиз болон "Эмоци" продакшны дараагийн хамтын бүтээл ирэх оны намар үзэгчдийн хүртээл болно. Харин түүний өмнө "Коктейль" фильмстэй хамтарсан олон ангит киног хүргэх нь.

Тун удахгүй гарах гэж буй “Мөрдөгч” кинонд нийслэлийн нэгэн дүүргийн цагдаагийн албанд ажиллах 4 мөрдөгч, 1 шинжээчээр төлөөлүүлэн тэдний өдөр тутмын амьдралд тохиолдох сонирхолтой, ээдрээтэй, адал явдалтай ажлыг харуулахыг зорьжээ. 

Киноны нэгэн гол дүр Батнягт бол ажил нь ид гарт нь орж байтал “Эрүүгийн хууль” солигдсон болохоор ажлынхаа арга барилыг өөрчлөх шаардлага тулгарсан мөрдөгч. Шинэ хууль эхэндээ Батнягтад төдийлөн таалагдсангүй. Гэхдээ хүний төлөө, хэрэг мөрдөх дуртай тэрээр аажим аажмаар “Гэмт хэргийн тухай” шинэ хуулийнхаа мөн чанарыг ойлгож мэдэрдэг. Батнягтийн дүрийг СТА, жүжигчин Н.Ялалт бүтээжээ. 

“Мөрдөгч” киноны бас нэг гол мөрдөгч бол Гарьд. Тэрээр гадаадад цагдаагийн боловсрол эзэмшсэн шинэ залуу боловсон хүчин. Онолын болон практик мэдлэг аль аль нь түүнд бий. Гэхдээ хашир мөрдөгч болохын тулд их юм үзэх болно. Гарьдын дүрд СТА, жүжигчин Ч.Болд тоглосон байна. 

Эмэгтэй хүн эр хүнээс илүүтэй нягт нямбай байдгийн жишээ бол Гэрэлмаа юм. Гэрэлмаа Хууль сахиулахын дээд сургууль төгсөөд тус тасагт ажиллажээ. Ажилдаа няхуур нямбай, хэнээс  дутахгүй мэдлэг боловсролтой залуу мөрдөгч эмэгтэйн дүрийг жүжигчин Н.Мөнхсоёл бүтээсэн байна. 

Шинжээч Оюунболд. Энэ бол цэвэр шинжлэх ухааны хүн. Орчин үеийн техник хэрэгслийг гарамгай эзэмшсэн, маш чадварлаг мэргэжилтэн. Шинжилгээний хариунаас өөр юунд ч үл итгэнэ. Түүний шинжилгээний дүгнэлт нөхдийг нь олон ч удаа мухардалд оруулж, мөн олон ч удаа мухардлаас гаргаж байжээ. Шинжээчийн дүрд жүжигчин Б.Анхбаяр тоглосон байна. 

Харин хошууч Дондог бол “Эрүүгийн хууль”-тайгаа хамт үеэ өнгөрөөж, үүргээ гүйцэтгэн тэтгэвэртээ гарсан нэгэн. Насаараа цагдаагийн тогоонд чанагдан, энэ ажлын сайн муу, сайхан муухайг мэддэг амьд архив гэж түүнийг хэлж болно. Хуучинсаг үзэлтэй энэхүү хошуучаас авах туршлага их бий. Олон таван үггүй асуудлыг яг голыг нь олоод хэлчихдэг хошууч Дондогийн дүрийг СТА, жүжигчин Н.Амарсанаа бүтээжээ. 
 
Эдгээр өөр өөр зан ааш, өөр өөр арга барилтай залуусыг үнэний төлөө гэсэн зүтгэл нэг баг болгож чаджээ. Шинэчилсэн хуулийн дор тэд хэрхэн үүргээ биелүүлэн, үнэнийг илрүүлэхийн төлөө зүтгэж явааг 9-р сарын 22-ноос эхлэн “Боловсрол суваг” телевизээр гарах “Мөрдөгч” киноноос хүлээн авч үзээрэй. 

А.Отгонжаргал