Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болортуяа: Шинэчилсэн хөтөлбөр урт, удаан хугацаанд хэрэгжээсэй

ikon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжиж эхэлсэн “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн талаар багш нар ямар бодолтой байгааг тодрууллаа. Энэ удаад Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Болортуяатай уулзлаа.

-“Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөртэйгөө гүйцэд танилцав уу?

-Хөтөлбөрөө бүрэн судалсан. Бас яамнаас энэ зун багш нарт зориулж сургалт зохион байгуулсан. Энэ шинэчлэлийн талаар багш нар харьцангуй мэдээлэл сайтай байна. Багш бүрийн гарт цөм хөтөлбөрөө ном хэлбэрээр хэвлэж өгсөн. Түүнийгээ шинэ сурах бичиг, багшийн номтойгоо харьцуулаад л хичээлээ явуулж байна даа.

-Шинэчилсэн хөтөлбөрийн онцлог нь юу байна?

-Би Эрдэнэт цогцолбор сургуулийн бага ангийн багшаар 25 жил ажиллаж байна.Намайг ажиллах хугацаанд олон олон өөрчлөлт шинэчлэлийг хийсээр ирсэн. Энэ удаагийн шинэчлэл яг жинхэнэ хүүхэд бүрт хүрсэн чухал алхам боллоо. Багш бүр энэ хөтөлбөр удаан хугацаанд явагдаасай гэж хүсч, сэтгэл өндөр хэрэгжүүлнэ гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа.

-Сургалтын хөтөлбөрийг шинэчилж, хэрэгжүүлэхийн ач холбогдол нь юу юм бол?

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш нарын заах арга, ур чадвар эрс нэмэгдэнэ. Хамгийн гол нь хүүхэд нэг бүрийн авьяас сонирхол чадвар онцлог шинжийг нээн хөгжүүлснээр өөртөө итгэлтэй бүтээлч сэтгэлгээтэй зөв хүн болж төлөвшихөд их үр дүнтэй юм. Энэ л боловсролын гол зорилго гэж боддог. Тэгэхээр манай бага боловсролын тогтолцоо нэг ёсондоо одоо л зөв тийш чиглэж байна гэсэн үг.

Багш нарын заах арга зүй бүхэлдээ өөрчлөгдсөн байна.

-9 дүгээр сарын 1-ээс эхлээд ямар өөрчлөлт гарав?

-Багш нар сургалтын цөм хөтөлбөр, шинэ сурах бичиг, зөвлөмжөө уншиж судлаадөөрийн арга туршлагаа хослуулж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний  алхамаа хийж байна. Яг одоогоор хичээл бүр өөрөөр, илүү хүүхдүүдийн оролцоотойгоор явагдаж байна. 

Тэдний санал бодлыг сонсч, урам өгөх замаар хүүхдийн сурах хүслийг өдөөж байна. Хуучин хүүхэд юу гэж бодох нь хамаагүй. Сурах бичиг дээр юу гэж гарсан, багш юу гэснийг л тулгадаг байсан. Тэр байдлаасаа ангижирч илүү нээлттэй хичээл явагдаж эхэллээ. Үр дүнд нь хүүхдүүд хичээлдээ идэвхтэй болох хандлага ажиглагдаж байна. Бас илүү нээлттэй, өөртөө итгэлтэй болж ирж байна. Гэхдээ шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэнгүүтээ л гэнэт хувцсаа сольсон мэт өөрчлөгдөж, үр дүн гарна гэж байхгүй. Мэдээж тодорхой хэмжээний багагүй хугацаа шаардана.

-Тэр хугацааны дараа ямар үр дүн гарна гэж бодож байна вэ?

-Багш нарын заах арга зүй бүхэлдээ өөрчлөгдсөн байна. Багш нар хүүхэд нэг бүрийнхээ ахиц амжилт, хөгжил төлөвшилд анхааран ажиллана. Хүүхэд нэг бүрийн хичээлд оролцох оролцоо сайжирч сурах хүсэл эрмэлзэлтэй  өөртөө итгэлтэй , чадварлаг, бүтээлч сэтгэлгээтэй ,зөв дадал хэвшилтэй суралцагчид болсон байна.

-Тийм болно гэдэгт итгэлтэй байна уу?

-Ямар хүн хийж байгаа ажилдаа итгэхгүй байх билээ дээ. Багш хүн яг хүссэн мэргэжлээрээ ажиллаж л байгаа бол энэ бүхнийг хийх нь харин биднийг аз жаргалтай болгоно гэж бодож байна. Тийм болохоор ирээдүйд гарах сайн үр дүнд бүрэн дүүрэн итгэлтэй байна.